Б.Ганчимэг: Шүүхийн байгууллагын талаар цуврал бичих баримтууд цугларч бараг бэлэн болсон
“Open door” сонины эрхлэгч, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
- Яриагаа таны сүүлийн үеийн нийтлэлүүдээс эхлэе. Та олон хурц баримтууд дэлгэж байна. Халшрахгүй байна уу. Хариу дайралт хавчилтууд ч илэрхий байна.
- Би ярилцлагаа хийхийн хажуугаар нийтлэл бичиж байна.
Нэгэнт миний эзэмшсэн мэргэжил, сонгосон тавилан маань энэ. Өөрөөр би байж чадахгүй. “Open door” сонин бол бидний мөрөөдөл. Ийм л сонин хийнэ гэж ярилцдаг байсан. Тэрийгээ л хийж байна. Зүгээр л хөнгөн шингэн, уншихад урсаад л өнгөрдөг, мэдээллээр түрээд явчихсан шалдан бичвэрүүд бол тулхтай уншигчдын сэтгэлийг татахгүй байна. Сонирхол төдийхнийг тэрхэн хоромд татаад л, гүйлгэж уншаад өнгөрдөг хагас хугас, хурдан хөнгөн бичвэр сурвалжлагууд өнөөдөр нэлэнхүйд нь бүрхсэн байна л даа.
Хагас боловсруулсан бүтээгдэхүүн шиг зүйлс л сонинуудын нүүрүүдийг дүүргэж байна гэж би хэлэх гээд байна. Нэг тийм доторгүй материалууд л байх юм байна ш дээ. Гэвч салбараа энэ мэт хэлэх миний үүрэг биш юм байна. Би зүгээр хэлхэлдээд, холбоожоод, гөлөлзөөд явбал зүгээр юм шиг байна.
Би гайхаж байна. Улайн цайм үнэт зүйлийнхээ эсрэг, зарчмынхаа эсрэг манай хэдэн эзэд явж байна. Хэлсэн, шүүмжилсэн болгоныг үзэн ядаж, муучилж, шахаж хавчиж гутамшгаа барж байна. Бүр өөрсдийгөө ч дараагийн үеийн өмнө хэн ч биш болгож байна. Би 16 жилийн өмнө “Хараал идсэн сэтгүүл зүй” гэж бичиж байлаа.
Тэр үед нийтлэл зүйн ёс суртахууныг л шүүмжилж байлаа шүү дээ. Цогцосны зургуудыг хирдхийтэл шууд нийтлэхийг, бусдын хувийн амьдралыг хэт ухаж төнхөхийг л буруушааж байсан. Одоо бодоход тэр үед сэтгүүл зүй харин асуудал байхгүй шахам салбар байсан шиг.
Хэдэн жилийн өмнө манай Ш.Даваадорж сэтгүүлч “Хатиг бэтэгтэй сэтгүүл зүй” гэж бичсэн. Гадаадад байж байгаад ирэхэд нь сөнөсөн орон гэр шиг л санагдсан гэсэн. (инээв)
Мань мэт чинь дургуйлхээд л. Бид байхгүйд чинь зөндөө субботник хийсэн. Битгий үгүйсгэ гэх маягтай үг хэлж л байсан. Өнөөдөр харин би өөрөө тэсэрч байна.
Тэсрэлт маань тогоогоо самарсан увайгүй нэгэн болгож байна л даа. Тэгээд би бодлоо. Би одоо том эздэд, том эрх мэдэлтнүүдэд ойлгогдохыг хүсээд яах юм бэ.
Ямар хэрэгтэй гэж. Гал атгаж ингэж гар хөлөө түлж байхаар зүгээр л орхиё. Надад нерв маань хайран байна. Би бусдынхаа ажиллагаанд саад болж, гомдоож байгаа юм байна. Зарим найз нөхдөөсөө дэндүү хайран холдож байна. Би жирийн нэг атаархагч болж хэлэгдэж байна. Өөрөө хаалтын мөнгөнөөс хуваалцаж чадаагүйдээ хорссон адгийн жижигхэн амьтан шиг уншигдаж байна. Өө, уучлаарай. Тийм бол тавтай сайхан амьдарцгаа. Надад хамаагүй. Би ийм л үг хэлмээр байна.
- Зарим найз нөхдөөсөө дэндүү хайран холдож байна гэсэн таны үг дотно атлаа нэг л шимшрэнгүй сонсогдлоо. Ийм зүйлээс болж холдох найз нөхөд гэж байх уу?
- Өдөр тутмын сонинтой холбосон миний амьдрал бүхэлдээ гайхамшигтай байсан. Тэр он жилүүд бол миний залуу насны амьдрал шүү дээ. Хамтдаа шатаж, хамтдаа тэмцэж, хамтдаа залуу насаа туулцгааж явсан тэр амьдралаасаа би ганц хоёр сайхан найзыг олж учирсан, хэдэн сайхан ах нартай учирсан.
Хүнд, ялангуяа уран бүтээлч маягийн хүнд “хуваалцах” гэж маш чухал ойлголт бий. Сэтгэл зүрхээ хуваалцах тийм анд хүнд ховор тохиодог. Бүх зүйл дээр дотроо уудалж, биесээ уужруулж, цэлмээж, хамт гуниж, хамт догдолдог тэр хуваалцалт ямар гээчийн гоо сайхан зүйл байдаг гэж санана. Үргэлж хэлхэлдэхгүй ч ганцхан тэрэнтэй уулзаж хөнгөрдөг, тэрнээс шинэ баяр баясал, шинэ идей авдаг, нэг хэсэгтээ түүгээр жигүүрлэж явдаг тийм найз надад хэд бий.
Тийм найзад уурлах ч гоё, гомдох ч гоё, хайрлах бүр сайхан. Манай “Өдрийн сонин”-ы Ж.Мягмарсүрэн эрхлэгч Гангаа (сэтгүүлч) бид хоёрыг Араб руу хамт явах болтол надад хэлж байж билээ. За, Ганаа цаадахыгаа харж хандаж яваарай. Ус мус руу хамаагүй орох вий. Хамгийн гол нь та хоёр сайхан найз нөхөд болж ирээрэй. Аян замын нэг сайхан нь хүмүүсийг нэгтгэдэг юм шүү дээ гэж. Ингэж би Гангаатайгаа сайхан найзууд болж ирж байсан. Тэнд байхад тэр маань ус энэ тэрээс хол, их сахилгатай явсан. Харин би уржнан Сингапурт усанд живж, Гангаа маань намайг аварсан шүү.(инээв)
"Үнэндээ би нийтэч, нээлттэй, халуун чанартай, хайрлаж уярах нь дийлсэн хүн шүү дээ" Б.ГАНЧИМЭГ
- Та “Өдрийн сонин”-оо их ярих юм. Тэгээд яагаад явсан юм бэ?
- Ж.Мягмарсүрэн эрхлэгч бол миний анхны эрхлэгч. Энэ хүний дэргэд би бүх арга зүй, бүх технологид суралцсан.
Энэ хүний дэргэд би монголын хамгийн алдартай сэтгүүлч болсон. Одоо ч гэсэн надад хэлж байсан үгнүүд нь байнга санагдаж байдаг. Нэг удаа хөгширчихөөд бөнжигнөөд л сониноор эргэлдээд, би залуудаа ийм байгаагүй, та нар...гэж чичилсэн улс болохгүй юм шүү. Монголчууд зөв өтөлж сурмаар байна гэж хэлж байж билээ.
Нэг өвгөн цагдаа хутгалчихдаг ч билүү хэрэг гараад, эрхлэгч тэгж хэлж байсан юм. Өтлөлт маань хүртэл өөрийн соёлтой, шинэ байгаасай гэж. Хүнд ягуухан, яргаж орсон үг хэлдэг хүн л дээ. Явахын тухайд би хэтэрхий олон жил нэг сонинд ажилласан байсан. Тэгээд л явъя гэж шийдсэн. Эрхлэгч зөвшөөрсөн. Уйлаад л өрөөнөөс нь гараад явж байж билээ.
Манай Б.Ганболд эрхлэгч бол галт уул шиг хүн. (инээв) Ганболд эрхлэгчийнхээ дэргэд би тэсвэртэй болсон. Тэсвэр тэвчээрийг бол шалгаж өгнө шүү дээ. Би түүний дэргэд айдасгүй болсон. Сэтгүүлчдэд элдэв л юм тохиолдоно. Дарамт, шүүх цагдаагаар айлгах гэсэн оролдлогууд ирнэ, хүчнийхэн өөрийн санаархлаар эрхшээлдээ оруулах гэж үзнэ. Бүгдэд нь эрхлэгч өөрөө бидний өмнөөс үзэлцдэг. Сэтгүүлчийг нь хаа газраас айлгаж, доромжлох түүний хувьд асар том уур хилэн нь болдог. Тийм болохоор түүний дэргэд айх юмгүй чөлөөтэй ажилладаг.
Улс төрийн нийтлэлээс намайг хол байлгах гэж хичээсэн. Бас л үүнийх нь ачаар гоё гоё нийтлэлүүдээ бичсэн. “Өдрийн сонин”-д байхдаа би гурав дөрвөн ном гаргасан. Ном бичих, уран бүтээлчийн чанараа хөгжүүлэх талаар үргэлж ерөнхий эрхлэгч зөвлөдөг байлаа. Манайхан шиг тийм уур амьсгалтай сонин байхгүй л санагддаг байсан. Б.Ганболд эрхлэгчийн дэргэд би бас л дөрвөн номоо бичсэн. Хоёр нь худалдаанд гараагүй. Тэнд би “Аав бид хоёр”-оо гаргалаа. Ер нь байна ш дээ, хүмүүс учирч байдаг нь л энэ амьдралын нэгэн гоё гайхамшиг юм. Б.Ганболд эрхлэгчтэй би хүнийхээ хувьд бүхий л зовлон жаргал, гуниг баяраа хуваалцаж амьдарсан. Одоо ч дүрс хийгээд хаалга шидэлцээд салдаг ч тэр хүн байнга миний дотор байж байдаг. Гомдоосон бол би тэр дороо уучлал гуйдаг. Манай хүн тэсрэхээрээ аймаар цэцэн, аймаар хорон шүршдэг. Аймаар гүтгэнэ. Шууд галзуу фантаз нь хөгжөөд л чи тэгсэн, чи яг тэгсэн гээд л шүршчихдэг. Нөгөө нөхрийн сэтгэл өвдөнө үү, шархална уу яг тэр агшиндаа бол бодохгүй. Дараа нь аймаар өвдөж, гэмшдэг. Б. Ганболд эрхлэгч хүнийг явуулж чаддаггүй. Бүр амьдралынхаа нэг хэсэг болгочихоод, уурлан барин чирээд л яваад байдаг. Тэр нь ямар ч ид шидгүй, хоолны сав байлаа ч, хүний мөсгүй амиа хичээсэн новш байлаа ч явуулдаггүй.
Харин Ж.Мягмарсүрэн эрхлэгч явуулж чаддаг. Муу хүнийг, чадалгүй атлаа худлаа зальтай амьтдыг үзэж чаддаггүй. Би энэ хүнээс хүн таньж сурсан. Ийм л сайхан хүмүүсийн дэргэд бойжлоо доо. Тэгэхээр яаж дурсахгүй, санахгүй явах юм бэ. “Өдрийн сонин”-оос явахад Ж.Мягмарсүрэн эрхлэгч маань надад “Цаадахдаа сайн туслаарай. Хүчээ өгч ажиллаарай. Шинэ сонин байгуулчихаад хүндхэн байгаа энэ үед чи түүнд хэрэгтэй. Адилхан л чиний эрхлэгч шүү дээ” гэж захиж байсан. “Үндэсний шуудан”-гаас гараад “Open door” сониноо байгуулаад байж байхад анхны хурлыг маань Б.Ганболд эрхлэгч маань ирж удирдаж хийж өгч байсан. Би хурал удирдаж чадахгүй түнтийтлээ уурлачихсан байж байтал ороод ирсэн. Энэ гайхалтай дурсамж биш гэж үү.
- Хоёр том ерөнхий эрхлэгчтэй ажиллажээ. Одоо харин өөрөө хэр эрхлэгч болж байна даа?
- Би хамтран зүтгэж байгаа хэддээ бараг л уурладаггүй.
Барагтайд элдэв үг шидэлдэггүй. Бүгдийг нь өөрсдөөр нь шийдүүлдэг. Саналаа хэлдэг. Тэгээд л болоо. Маш туршлагатай, маш амбийцтай, хүчтэй зан чанартай хүмүүс шүү дээ. Намайг омголон, дүрэлзсэн зантай хэвээрээ л гэж хүмүүс боддог байх. Үнэндээ би нийтэч, нээлттэй, халуун чанартай, хайрлаж уярах нь дийлсэн хүн шүү дээ. Ааштай авиртай, ажлаа хаяад хэдэн сараар тэнэдэг энэ тэр гэсэн яриа бол бүгд домог. Ж.Мягмарсүрэн эрхлэгч надад жилд хоёр сар амрах эрх олгодог байсан. Бусдаар би тэр хүнийг зовоож байгаагүй. Б.Ганболд эрхлэгч намайг “Үндэсний шуудан”-д юу ч хийгээгүй, хамт олон руу нь орж ирээгүй, нэг ч удаа дугаар удирдаагүй гэж хэлдэг.
- Нээрээ нэг ч удаа дугаар удирдаагүй гэж үү?
- Нэг удаа удирдсан ш дээ. Манай эрхлэгч чинь үгүйсгэлийн үгүйсгэлийн мастер шүү дээ.
- Та нээрээ хөгжилтэй юм аа?
- Үнэн. Арга зүй, технологи, дотоод журам, дадал зөрөөд бүтэхгүй юм билээ.
Хүнтэй ажиллах л хамгийн чухал арга эв шаарддаг зүйл гэдгийг одоо би ойлгож байна. Уншигчид их холбогдох юм, ирж уулзах юм. Бөөн асуудалтай, зовсон, хэлмэгдсэн улс ирэх юм. Тэвчих, сонсох, чадахаасаа чадахгүйгээ хүртэл туслах гэж хичээхээс өөр аргагүй. Бүх үеүүд маань ийм л байсан. Одоо ч хэвээрээ л байна.

- Та зохиол бичиж байгаа юу?
- Би маш завгүй ажиллаж байна. Сонин маань маш олон хуудастай. Маш их багтаамжтай шүү дээ. Одоогоор өөр зүйл рүү анхаарах боломж алга.
Хуучин эхлүүлсэн, сэтгэлээс зууралдаад салж өгдөггүй өгүүллэгүүд дээр хааяа суудаг. Нэг ч болсон юм алга. Би хүн бүхний дотор нуугдаж явдаг, аазгай хөдөлгөсөн, зарим үед ичиж зовмоор хүслүүд, үйлдлүүд, сэтгэл зүйн гайхалтай сэдэл төсөөллүүд, дотоод бүр цаад мухарт үүссэн хачин амьдралын тухай аймаар уран гажилтуудтай зохиол бичихийг мөрөөддөг.
Одоо юу гэмээр ч юм бэ дээ. Зарим хүн хуучин уран зохиолуудыг гуутай бурхад шиг л шүтдэг. Би хэрээ мэдэхгүй тийм хүмүүсийг дотроо унтраагаад л сууж байдаг.
Үнэхээр хүн төрөлхтний уран зохиолд суу билгүүд зөндөө байгаа. Үүнийг үгүйсгэх бололцоогүй. Гэхдээ аливааг бүхэлд нь өмөөрдөг, бүхэлд нь шүтдэг хүмүүсийг би ойлгодоггүй.
Бас манай монголчууд нэгийгээ насаар нь сайн гэж дүгнэх гээд байдаг. Өндөр насалсан гэдгээрээ л тэмдгүүдийг авдаг байх жишээтэй. Ахмад л бол тэр мундаг.
Тийм юм байхгүй шүү дээ. Саяхан миний нэг найз “Чи Д.Гармаа гуайн тэр тэрийг уншаагүй гэж үү. Б.Бааст гуайн тэрийг уншаагүй гэж үү” гэж шүүмжилсэн. Үнэн хэрэгтээ би Д.Гармаа гуайг уншаагүй залуусыг буруутгахгүй.
Ном зохиолын амьд үхсэнийг мэддэг байгаагийнх нь төлөө харин ч баяр хүргэнэ. Энэ үг маань тэр зохиолчид би муу гэсэн үг биш. Манайд стилтэй зохиолчид байдаггүй. Гайхалтай юм юу ч байхгүй зохиол нэртэй юмс номын дэлгүүр дүүргэж байна.
Гэхдээ эхлээд өөрөө бичих хэрэгтэй байх л даа. Энэ яриаг зогсооё. (инээв)
Өөрөө зохиолоо хийхгүй байж дэмий юм яриад яахав. Би яг үнэндээ уран зохиолд аймшигтай дуртай. Энэ сэдэв миний хамаг цагийг булааж байдаг.
Хүн тархины цэнгэл таашаалаа хуваалцах хэн нэгнийг эрж явдаг юм байна. Би Ж.Мягмарсүрэн эрхлэгчтэй маш их ярьж суудаг байсан. Тургеневийг, Песковыг, гоё гоё яруу найрагчдийг тэр хүн надад нээж өгсөн. Өөрөө байгаль, амьтдын ертөнцөд асар их татагдсан хүн.
Монголд амьтан судлалаар түүн шиг судлаач байхгүй. Түүн шиг уянга яруугийн мастер байхгүй. Б.Ганболд эрхлэгч бид хоёр “Бовари хатагтай”, “Анна Каренина”, за тэгээд оросын сонгодгууд тойроод заримдаа өдөржин буу халдаг байсан.
Б.Ерэнтэй, Х.Бүрэнтогтох, О.Содномпил гуравтай бол би амьдарч ханахгүй юм шиг байна. (инээв)
Ингэж бие биедээ “хань” болдог улсууд маш ховор. Монголчууд бид бие биедээ хань байхаа больжээ. Буруу эргүүлэг гэгчээр буруугаар л харцгаана. Шал гунигтай. Жишээ нь, би Х.Бүрэнтогтохтой уулзаагүй бол маш их харамсах байсан. Тэр бол тэс өөр хүн. Дотроо байдгаас тэс өөрийг заримдаа хэлж хэдэрлэж байдаг ч тэр бусадтай адилгүй. Бид заримдаа Бальзак, Гоголь, Булгаков, Набоков гээд л үзэж өгнө.
Набоков юугаараа агуу юм бэ. Гаж дон дүүрэн “Лолита” –г хийснээрээ юу. Энэ тэгээд ертөнцийн хайр юм уу. Үүнд ямар ариун ёс суртахуун байна вэ гээд л... Ямар амттай маргаан, таашаал вэ.
"Гэхдээ уран зохиолын тухай маргаан бол солиотой сэдэв. Хэзээ ч дуусашгүй" Б.ГАНЧИМЭГ
Надад энэ амьдрал л чухал. Зарим эрэмдэг тархитнууд юу гээчийг зохиож ярих, мушгин гуйвуулах надад хамаагүй. Тэр бол Нацагдоржийг хайрлагч, эх орноо хайрлагч. Аймаар гэрэлтэй хүн. Гэхдээ уран зохиолын тухай маргаан бол солиотой сэдэв. Хэзээ ч дуусашгүй. Эдуард Лимонов гэж оросын нэг галзуу амьтан байдаг. Эхлээд яг эх орондоо биш Францид очиж бичсэн нэг зохиолоороо алдаршиж байсан. Сүүлдээ шорон оронд ороод баларсан л даа. Гэхдээ гайхалтай үнэн, гайхалтай шорвог тэрс үзэлтэн. Тэр юу гэж бичсэн гээч.”Би Гумилёвийн бичсэн “Гүнж” гэдэг шүлгийг Достоевскийн бичсэн бүтэн романаас илүү үзнэ” гэж бичсэн.
Ээ, бурхан минь. Уран зохиолын хэрүүл бол ийм л зүйл байдаг. Би тэрслүү чанарыг асар их анхаардаг. Тэрсэх чадвар бол ямар ч тохиолдолд өсгөж байдаг. Унагаах нь тохиолдол бий ч ихэнх тохиолдолд өсгөж, өндөр лүү татаж байдаг. Галзуу Лимонов нобель авсан байвал би л лав гайхахгүй. Тэгэхээр шүүмжлэл,тэр дундаа урлаг, уран зохиолын сэдэв бол өөр өөрийн уншсан тэлсэн, өөр өөрийн таашаал сонирхол дээр үргэлж буцалж байдаг амтлаг бөгөөд галзуу солиотой сэдэв байдаг.
- Та залуу үеийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдийн талаар хэр мэдэх вэ?
- Би юу ч мэдэхгүй. Г.Лхагвадулам гэж эмэгтэй яруу найрагчийн шүлгүүд надад их гоё сэтгэгдэл төрүүлж байсан.
Сэтгүүл зүйд бол Би Ж.Тэгшжаргалд их найддаг. Гэхдээ түүнд сэтгүүл зүйн үндсэн төрлүүд дээр сэтгэл гаргаж юм хийх хүсэл байхгүй. Зөвхөн өөрийн таашаалыг дагаж бичиж байгаа нь надад бэртэгчин санагддаг. Надад бол тааллаараа, таашаалаараа бичих боломж байгаа ч үгүй. Бас А.Амармэнд (Гоодаль сэтгүүл) гэж залуу яах аргагүй содон, сонин, дээр нь хөдөлмөрлөж чадаж байна.
Манай зарим залуус хэт өөр байх гэсэн нэг тэмүүлэлтэй болжээ. Тэрийгээ тэмүүлэл гэдгийг ч сүүлдээ мартчихаад тэрэн лүүгээ яваад орчихсон явж байгаа үзэгдэнэ. Абсурд л байх гэж хичээж байх шиг байгаа юм. Гэхдээ ажлууд нь таамаг, хөнгөн сэтгэл хөдлөл, эсвэл шууд өөрийнхөөрөө зүтгэсэн нотлогдоогүй, барьцгүй, бойжоогүй зүйлс байх нь элбэг. Гадны жаахан юм гүйлгээд харчихсан, тэрийгээ өнгөцсөн авсан. Тэгээд л ийш тийш өнхөрсөн юм бичээд. Залуу үе бол бидний найдлага шүү дээ. Тийм учраас л ажигласнаа хэлж байгаа юм. Кино тэр чигээрээ хүүхэнжсэн байна. Нөгөө сэтгүүл зүйг хэдэн янтгар авгай л эзэмшиж байна гэж манай нэг эрэгтэй нийтлэлч бичсэн шиг. Харин киног ч хэдэн хүүхэн элийрүүлж өгч байна даа. Гэвч сэтгүүл зүйд шоу бизнес, кино урлаг, сонгодгоор дагнасан тоймчид бэлтгэгдэхгүй байна. Шүүмжлэгчид бол бараг байхгүй болсон.
- Та онлайн сэтгүүл зүйн тухай юу хэлэх вэ?
- Би уламжлалт цаасан хэвлэлийн хүн. Гэхдээ би 60 тай биш. 40 дөнгөж гарч яваа хүн. Энэ асуулт жаахан сонин биш байна гэж үү. (инээв)
Надад сайтын контентуудын дийлэнх хувь нь их явган нүцгэн, хуудуу, хурдан түүхий санагддаг. Тусгай блог, нийтлэлчдийн багууд бол өөр л дөө. Ерөнхий цараагаараа шуурсан, цагаан мэдээ л цалгиулсан газрууд санагддаг. Зарим сайт 18 нас шиг харагдах нь ч бий. Өнгө, гэрэл л харагдаад байдаг. Сүр сүр ярилцлагууд. Уншихаар ганц нэг гадаад хэл сурчихсан, үнэ цэнтэй диплом авчихсан. Цол хэргэмүүдийг хамгаалчихсан сайхан сайхан залуус.
Гэхдээ хөрсөн дээрээ ирээд дусаасан хөлс байхгүй. Эх орноо нэг л их цэмцэгнэж харсан, болж өгвөл шүүж шүүмжлэх гэсэн, практик юу ч байхгүй доторгүй нөхдүүд байх нь элбэг. Дотортой байна гэдэг нь гэнэт эх орондоо ирж хэдэн жил болонгуутаа бүгдийг харааж загнаад, заагаад, орилоод байхын нэр биш шүү дээ.
Өдий төдий жил энэ орны бизнесийн салбарт зүтгэчихсэн. Татвараа төлж, ард иргэдийнхээ цалин тэтгэвэрийг тавьж ирсэн улсуудыг доромжлох эрх байхгүй ш дээ. Ядаж наснаасаа нэрэлхэж, эргэцүүлж байх хэрэгтэй. Цөөхөн хэдэн үндэсний хөрөнгө оруулагчдаа бүгдийг нь хулгайч дээрэмчин болгочихсон. Тэгсэн хэрнээ Төрөөс хусаад байгаа эрх мэдэлтнийг шүүмжлэхээр барьж идчих гээд хамгаалаад байдаг. Ямар бүгдээрээ буруу дэвсэн шувуу биш дээ. Үнэхээр бодох хэрэгтэй шүү. Таны асуусанд хариулахад бид сайтаа нээхээр ажиллаж байгаа. Тун удахгүй.
"Би шүүхийн байгууллагын талаар цуврал бичих төлөвлөгөөтэй байна. Баримтууд цугларч бараг бэлэн болсон" Б.ГАНЧИМЭГ
- Одоо та юу бичих гэж байна вэ. Ямар сэдвүүд дээр ажиллаж байна?
- Би шүүхийн байгууллагын талаар цуврал бичих төлөвлөгөөтэй байна. Баримтууд цугларч бараг бэлэн болсон.
За, тэгээд ярилцлагуудаа үргэлжлүүлнэ. Бас нэг эрэн сурвалжлах ажил байгаа. Сайн сурвалжлага хийх мөрөөдөл байна. Сэтгүүлч хүний ажилд олон нийтийн тавьж буй дүн хамгаас чухал. Өнөөдөр чинь хэдэн билээ. 9-р сарын 18-н байхаа. Өнөөдөр миний нэг нийтлэл baabar.mn-д тавигдсан байгаа байх. Хэдэн зуун like, хэдэн зуун хандалт авсан байна гэв ээ. Би эмнэлэгт байгаа болохоор өөрөө орж хараагүй байна.
Энэ бол үзүүлэлт. Сэтгүүл зүйн байгууллагууд энэ зүг харж байх хэрэгтэй. Бүхнийг үзэмжээр, үзэл суртлаар, хов живээр, бүлэглэлээр шийдэх нь одоо цагт зүгээр л явуургүй бөгөөд үнэ цэнэгүй явдал.
Яваандаа хэн ч тоохоо болино. Сонинууд сэтгүүлчдийнхээ энэ талын оноонуудыг харж, оны шилдгүүдээ тодруулахдаа бодолцвол зүгээр санагддаг.
Манай “Open door” сонин ядуу тарчиг байгаа ч ямар нэгэн зүйл хийнэ гэж л бодож байна. Залуу нийтлэлчдийг гаргаж ирэх, өмнөх үеийн алдар цуут сэтгүүлчдийн дурсгалыг мөнхжүүлэх зэрэг олон чиглэлд бодож байгаа юм байна.
Урт настай ажил хийх л чухал. Сонины коллегийнхон тэргүүн бичлэгээ тодруулахдаа элэг авдаг ш дээ. Тэр хөөрхий ерөөсөө аваагүй юм, олон жил ч явлаа. Тэр гомдчихно ч гэх шиг. Тэр жилдээ уншигчдийн дунд, нийгэмдээ доргио өгсөн ганц нийтлэл ядаж бичив үү. Хавчигдсан, боогдсон, тэрссэн нэгний байр суурь дуу хоолойг сэтгүүлчийн үндсэн үүргийнхээ дагуу эр зориг гаргаж цацаж чадсан уу. Эр зориг шүү гэхээр ямар алхам хийв.
Ямар баримтыг эхэлж цацав. Авлига, хээл хахууль, хууль бус ямар үйлдлүүдийн эсрэг тэмцэж чадав, ямар баримт олж тэрийгээ чулуу болгож чадав. Олонхийн сэтгэлийн утсыг хөндсөн юу хийв. Энэ хэмжүүрүүд будаа. Ээлжлээд л өгөөд байна. Одоо манайд үг өрдөг болгон өдөн, алтан,мөнгөн ямар ямар ч билээ үзэгтнүүд шүү дээ. Надад ч ганц нэг байгаа. Бид аливааг харах сэтгэлгээндээ стандарттай болмоор байна. Бүх юм стандартгүй болчихоод байна. Сайд бөө хоёрыг ялгаж салгах л стандарт байхгүй тууж яваа юм биш үү. Бид хөөрхөн монголыг цогцлоох гээд яваа юм уу, хөөрхий монгол болгох гээд бүр шуударчихаад байгаа юм уу.
Манай залуу сэтгүүлчид зориггүй, нийгэмдээ хайргүй харагддаг. Зарим нь хэт хашир, даргадаа л харагдаж явбал болоо. Би зусар, аймхай, хүчгүй хүмүүст дургүй.
Сэтгүүлчийн хамгийн тасарсан кайф олон түмэн түүний талд байгааг, үнэнийг хэлж чадсаны төлөөх баяр баяслыг эдлэхэд л байдаг. Энэ бүхэн түүнд нэр төрийг нь бүтээж өгдөг. Сэтгүүлчийн нэр хүндийг олон түмэн өгдгөөрөө л онцлог.
- Та намрын тухай эсээнүүд их бичдэг. Тэднийгээ бичнэ биз дээ?
- Миний төрсөн нутаг говь маягийн жижигхэн газар. Тэнд миний өсөхөөс харж дадсан, дагаж ганирсан, үүрд дурласан зураглал бол дэрс. Дэрсний толгой намартаа бөхөлзөөд л шаргиж байхыг харж тэсэмгүй. Тэр шаргиан, тэр бөхөлзөөн. Зургийнхаа хувьд ч онцгой юм өгдөг. Шав шар дэрстэй тохойнууд, жижиг цөөрмийн дэрснүүд бол миний найзууд. Дэрс бол өвөрмөц ургамал. Тэсвэр тэвчээр шингэсэн тэр дэрсийг намар л тонгойлгодог юм даа. Гэхдээ дэрс хэзээ ч хэвтээд өгчихдөггүй. Зүгээр л бөхөлздөг юм. Тэр нь салхитай хоршоод сэнсэрч, шаагиж шаргиж байх хичнээн гоё. Бараг тариан талбайд очсоноос илүү санагддаг. Гэхдээ энэ мэдрэмжүүдийг би сайн буулгаж чадахгүй байх.
- Таны энэ зун бичсэн “Дэлдэн мөөг” нийтлэл үнэхээр сэтгэл хөдөлгөсөн.
- Миний нэг багын найз чи “Дэлдэн мөөг”-өөр дахиад нэг цуврал хийгээч.
Чи хамаг гоё юмнуудыг нь хаячихсан байлээ ш дээ гэж инээж байсан. Хамгийн гоё, хамгийн сайн мэддэг, хамгийн их мэдэрсэн дүрүүд өссөн газар маань л олон байдаг юм байна. Гэхдээ өгүүллэг бичвэл тэр тосгоны амьдралыг хэн сонирхох бол гэдэг бодол намайг айлгадаг. Тийм учраас би зохиолын ажил руугаа орвол өөр л юм бичнэ. Дэлдэн Мөөг бол зүгээр нэг дурсамж биш. Дүртэй, хөдөлгөөнтэй, сэтгүүл зүйн бүтээлийн хувьд цаг үеийн маань суурингуудын амьдрал яаж унаж буйг яруухнаар гаргасан эсээ.
Бас хүний сайхан сэтгэлийг дуулсан, мөн чанарыг дуулсан өгүүлэл.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
