ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн замд олны ам сайн байна

Х.Өнөр
2014 оны 8 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Зам дагаж хөгжил ирнэ гэлцдэг. Ялангуяа өргөн уудам тал нутагтаа тархай, бутархай аж төрдөг монголчуудын хувьд зам бол хамгийн чухал зүйлсийн нэг.  Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил бол 2012-2016 онд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт юм. 

Өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг манай орны хувьд авто замын сүлжээ нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Тиймээс ч бодит нөхцлөө тооцож, үзсэний үндсэн дээр өнгөрөгч 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор шийдвэрлэсэн.

Харин энэ  онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгууд, 2015 онд Ховд, Увс, Баян-Өлгийг холбох юм. Хэдийгээр Засгийн газрын тавьсан зорилтын дагуу өнгөрсөн онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбож амжаагүй боловч ажлууд эхнээсээ хийгдэж байгаа гэдгийг дурьдах нь зүйн хэрэг. Ер нь хөдөө, орон нутгийн авто зам хэзээд асуудал дагуулж, хэл ам таталсаар ирсэн. 

Уг нь  салбарын яамнаас нь хариуцсан ажлаа хийж, үүрэг даалгаварынх биелэлтийг цаг тухайд нь шалгасаар байгаа юм. Харин хөдөө, орон нутагт ямар бүтээн байгуулалт явагдаж, хэрхэн зам тавигдаж байгаа талаар иргэд төдийлөн мэдээлэлгүй байна. Тэгвэл орон нутгийн замын байдал ямар байна вэ. Үүнийг бид тодруулахаар Сонгинохайрхан дүүрэг дэх авто вокзалыг зорилоо. Их үдийн хэрд тус авто вокзал тасалбараа бичүүлэх гэсэн хүмүүсээр дүүрчээ. Харин гадуур нь холхих жолооч нар “Дархан, Эрдэнэт, Ээж хад явлаа шүү, яг одоо гарлаа” хэмээн ам, амандаа шаагилдах аж. Бидний зорилго бол орон нутгийг зорих гэж байгаа иргэд, хөдөөнөөс ирж буй “зочид”, орон нутгийн замд явдаг жолооч нараас замын нөхцөл байдлыг тодруулах. 

Тус авто вокзал дээрээс Говь-Алтай, Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг эх орны өнцөг булан бүрт хүргэх тасалбар бичигддэг аж. Бидний хамгийн эхний уулзсан хүмүүс бол Цогтцэций-Улаанбаатар чиглэлд явдаг жолооч нар байв.

Саяхан Зам тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй албаны хүмүүс болон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Өмнөговь аймагт явагдаж байгаа замын ажилтай танилцаад ирсэн. Тэд “Өмнийн говь руу өдөртөө аялсан” тухайгаа бичсэн байсныг уншиж байсан нь саяхан. Зарим сонин, хэвлэлд бичигдсэнтэй адил үнэхээр л өмнийн говь руу өдөртөө яваад ирдэг болсныг жолооч нар ярьж байна. 

Өмнө нь Өмнөговь аймаг руу хоногтоо хүрэх тухай зүүдлэх ч хэрэггүй байв. Шороон замд хонон, өнжин сэгсчүүлэхийн зовлонг иргэд надаар хэлүүлэх юун. Ямар сайндаа л шороон замаар явж байгаад засмал дээр гараад ирэнгүүт нуруу амрах шиг болдог гэж насаараа жолоо мушгисан өвгөн жолооч хэлж байх вэ. Яг л үүн шиг Өмнөговь руу явах гэж халширдаг байсан иргэд эдүгээ хатуу хучилттай замын ачаар цаг хугацаа, мөнгөө хэмнээд зогсохгүй ая, тухтай зорчдог болжээ. 

Биднийг очих үеэр бидний хэлж заншсанаар фургон машинтай хүмүүс Цогтцэцийг зорих гэж байсан юм. Фургоны жолооч гэж өөрийгөө танилцуулсан Э.Далантай гуай олон жилийн турш хүн тээвэрт явсан туршлагатай нэгэн аж. Ингэхдээ хөдөө, орон нутгийн замд олон жил явсан нэгэн юм байна. Э.Далантай гуай “Өмнөговь руу зам тавьж, их сайхан болгосон. Урьд өмнө нь бид хамгийн багадаа 24 цаг явж байж тус аймагт очдог байсан. Цаашаа сумд руу явах болбол дахиад л шороон замаар сэгсчүүлдэг байлаа. Харин Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай зам ашиглалтад орсноор өдөртөө л давхиад хүрдэг болсонд жолооч хүний хувьд баяртай байна. Бид холын замд олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж явдгаараа маш хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс. Тиймээс ч замын байдал маш чухал нөлөөтэй. Сайн замтай, сайн жолоочтой бол айх аюулгүй зорьсон газраа хүрнэ” гэсэн юм. 

Харин Өмнөговь аймгийн Цогтцэцийг зорих гэж буй иргэн Ц.Солонго “Одоо Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум хүртэл хатуу хучилттай замтай болсон. Харин цаашаа Цогтцэций хүртэл 100 орчим км шороон зам бий. Энэ замыг хатуу хучилттай болгочихвол орон нутгийн иргэд бидэнд маш тустай зүйл болох гээд байна даа. Нэг үеэ бодвол замын ажил сайн хийгддэг болж.

Гэхдээ орон нутгийн иргэний хувьд хэлэхэд замын чанар, насжилтын асуудалд жаахан сэтгэл дундуур байдаг. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум хүртэлх тавигдсан зам нэг жил болоогүй байна. Гэтэл эхнээсээ эвдэрч эхэлсэн байна билээ. Сая хот руу ирэхдээ харсан. Одоо буцахад бас л нэг онгорхой, цоорхой гарсан байх болов уу гэж бодож байна. Мэдээж үүнд замын чанараас гадна том оврын машинуудын асуудал ч байгаа л байх. 

Уул уурхайн хүнд даацын машинуудыг явуулахдаа тодорхой журмын дагуу хариуцлага тооцдог байж болдоггүй юм уу гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө нь сүйтгэдэг сонин зүйл ажиглагдаад байгаа юм. Орон нутгийн иргэд бид замтай болсондоо баяртай байна. Гагцхүү энэ замыг урт, удаан эдэлгээтэй байгаасай гэж хүсч байгаа. Үүний тулд уул уурхайн хүнд даацын машинуудын асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байгааг танай сониноор уламжилъя” гэв.

Өмнөговь аймгийн хувьд Улаанбаатар хотоос Дундговь аймгийн төв Мандалговь, цаашлаад тус аймгийн  Цогт-Овоо сум хүртэл автозам бүрэн ашиглалтад орсон байна. Энэ нь 450 гаруй км зам аж.  Харин үүнээс цааш 100 орчим км замыг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бага багаар нь хуваан авч, автозамын ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна. Эцсийн хугацаа ирэх  аравдугаар сарын 1 гэхэд Улаанбаатараас Өмнөговь аймаг хүртэлх автозам бүрэн ашиглалтад орно гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа юм. 

Авто замын арчлалтын асуудалд анхаарлаа хандуулахыг захилаа 

Эндээс цаашилж Хөвсгөл аймгаас ирэх автобуснаас дүүгээ тосохоор хүлээж буй иргэн Л.Булгантай уулзлаа. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул бөгөөд Улаанбаатарт ирж оюутан болоод гурван жилийг үджээ. Түүний дүү нь мөн энэ жил нэгдүгээр курст элсч байгаа тул ийнхүү тосохоор “Драгон” авто вокзал дээр иржээ. Л.Булганы хэлснээр Хөвсгөл аймаг руу явах хамгийн дөт зам бол Архангай аймгийн Тариатаар дайрах гэнэ. Гэвч Архангай аймгийн Цахираас Тариат хүрэх 90 км зам үнэхээр хэцүү байгааг уламжиллаа. 

Цахираас Тариат хүрэх 90 км замыг бүтэн хоног туулж ирж байгааг тэрбээр хэлэв. Харин Улаанбаатараас Архангай хүртэлх зам сайхан байгааг дуулгасан юм. Энэ жил хур бороо элбэгтэй байгааг ч хэлэх үү  дээр дурьдсан Цахир сумаас Тариат хүртэлх зам жижиг оврын тээврийн хэрэгсэл явахын аргагүй болсныг ч дуулгалаа. Мөн л замын чанарын асуудал энэ үеэр хөндөгдсөн бөгөөд эргээд арчлах тал дээр учир дутагдалтай байгааг ч хэлж байв. Харин Баянхонгор аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай зам тун сайн болсныг иргэд хэлж байна. 

Гэвч Баянхонгор аймгаас цааш Говь-Алтай, Ховд, Увсыг зорьсон иргэдийн хувьд замын асуудал бэрхшээлтэй асуудлын нэг хэвээр байгааг энэ үеэр ярьж байлаа. Энэ үеэр иргэдийн хамгийн их хөндөж байсан асуудал бол авто замын эргэн арчлалт байсан юм. Замын ажил гэдэг амар хийдэг зүйл биш. Өнөөдөр яриад сарын дараа хийчихдэг ч эд биш. Тиймээс ч асар их хөрөнгө, мөнгө, цаг хугацаа шаарддагддаг авто замыг эргээд арчлах асуудлыг анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дуулгав. 

Харин Сэлэнгэ хүрэх иргэд замын талаар ам сайтай байна билээ. Дарханы замыг эс тооцвол улсын хойд хилд буюу Алтанбулагт шав хийгээд л очдог гэж тийш зорих гэж буй С.Сэрээтэр ах хэлсэн юм. “Алтанбулаг хүрэхэд ядах зүйлгүй дээ. Зам хаа очиж сайн байна. Харин энэ Дарханы замыг л...” хэмээн толгой сэгсэрсэн юм. Энэ мэтчилэн замын асуудлаар иргэд өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлцгээж байлаа.  

Салбарын сайдад уламжилсан үгс...

Иргэд нэг үеэ бодвол аймгуудыг хатуу хучилттай замаар холбож байгаад таатай хандаж байгаагаа энэ үеэр ярьж байлаа. Энэ нь мэдээж нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Хэдийгээр салбарын яам, сайд, бусад албаны хүмүүсийн хийсэн, бүтээснийг нь үгүйсгэн, буруушааж болохгүй ч бас болж, бүтэхгүй асуудал байгааг дуулгасны хажуугаар өнгөрч боломгүй. Зүүн чиглэлийн замын асуудал хүнд хэцүү хэвээр байгааг, Дарханы зам хүн, машины тэвчээрийг шалгаж байгааг тэд ярихаа мартсангүй. 

Дархан-Уул аймгийн зам цагтаа хамгийн сайн нь байсан гэлцдэг. Гэвч сүүлийн жилүүдэд эвдэрч муудсаар эдүгээ машины “чанарыг шалгадаг” болсон талаар иргэд ярьж байна. Мөн тус аймгийн замын чанар муу, иргэд дур мэдэн зам гарган явж байгаагаас осол, эндэгдэл гарах тохиолдол ч буурахгүй байгааг орон нутгийн иргэд хэлж байсан юм. Бид Драгоноос гараад Нарантуул ОУХТ-ийг зорьсон юм. Учир нь тус худалдааны төвийн ардаас зүүн чиглэлийн тээврийн хэрэгслүүд явах болсоор удаж байгаа. 

Эндээс Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн зүүн чиглэлийн тээврийн хэрэгслээс гадна Говь-Алтай руу машин явдаг юм байна. Хэнтий хүртэлх зам муудаж байгааг иргэд холбогдох албаны хүмүүст уламжилж байлаа. Харин Дорнодын зам одоог хүртэл дуусаагүй байгаа гэв. Сүхбаатар аймгийн Эрдэнэцогт сумаас цааш Чойбалсан хүртэл үргэлжлэх шороон зам, хагас дутуу тавигдсан хатуу хучилттай зам хүн, машины тэвчээрийг шалгаж байгааг ч энэ үеэр дуулгасан юм.

Эх орны зүүн хязгаараас ирж байгаа хүмүүс зөөлөн, шаварлаг хөрстэйн дээр энэ жил хур, бороо элбэгтэй байгаагаас шалтгаалан тээврийн хэрэгс­лүүд явж чадахгүйд хүрч байгаа аж. Улмаар замдаа шаварт суух, автомашин явах боломжгүй тул шөнө унтахаас өөр аргагүйд хүрдэг зэрэг асуудал байсаар байгаа юм. Үүний улмаас иргэд цаг алдах, товлосон хугацаандаа нийслэлд хөл тавьж чадахгүй болох зэрэг хүндрэлүүдийг шийдвэрлэх шаардлагатай бай­гааг ч уламжилж байлаа. 

Мөн Завхан аймгийн Сонгино сумаас таван сартай хүүгээ ЭХЭМҮТ-д үзүүлэхээр ирсэн Д.Орхон гэх бүсгүй Улаанбаатарт ирэх гэж замдаа нэлээд алжааж, ядарснаа ярьж байв. Тэрбээр мөн л Архангай аймгийн Тариатын замыг хөндсөн бөгөөд зам, давааг бушуухан засч, янзлах шаардлагатай байгааг ч хэлж байв. Тухайлбал, Солонготын даваа маш хүндрэлтэй байгаа бөгөөд туршлагагүй жолоочтой явбал осол гарахад ч энүүхэнд болчихоод байна гэв. Тэрбээр “Ер нь Завханаас хотыг зорьсон иргэд замд ядрахаас халширч байна. Миний хувьд гурван шөнө, хоёр хоног явж байж Улаанбаатарт ирлээ. Завханаас Улаанбаатарт ирэх зам үнэхээр хэцүү байна. Нялх хүүхэдтэй хүмүүс, хүүхэд, хөгшид замдаа маш их алжааж, ядарж ирж байгаа. Зам хэцүү болохоор шөнөдөө унтаж, амрахаас өөр аргагүй. Энэ мэт байдлаас болж цаг, хугацаа их алдаж байна. Би хүүгээ ЭХЭМҮТ-д үзүүлэх гэж хотод ирлээ. Эргээд 23-24-нд буцна. Яаж буцна даа л гэж бодож байна” гэв.

Үүнээс гадна Зуунмод-Улаанбаатар чиглэлийн авто замыг хэн засч, янзлах ёстой талаар мэдэх хүсэлтэй иргэд цөөнгүй байсан юм. Учир нь Зуунмод-Улаанбаатар чиглэлийн авто зам эвдэрч, муудаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд чухам хэн нь хариуцаж ажиллах ёстойд эргэлзсээр өнөөдрийг хүрсэн байна. Зам дагаж хөгжил ирнэ. Хийж бүтээхийн зэрэгцээ хийсэн ажилдаа эзэн нь байж, эргээд хардаг байхыг, эвдэж, сүйтгээд байгаатай нь хариуцлага тооцдог байхыг иргэд хүсч байна. Тун удахгүй Монгол Улсын бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон гэх таатай мэдээтэй эргэн уулзана гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Зураг