Морьдын төвөргөөн чимээлж буй Blue moon art галарейгаас бид энэ удаагийнхаа зочны ярилцлага, үзэсгэлэнгийн сурвалжлагыг хүргэж байна.
Тэнд зураач Ч.Дорждэрэм, С.Базарваань нар уран бүтээлээ толилуулж байгаа юм. Нэг сэдвээр гаргасан хамтарсан үзэсгэлэнгээ тэд “Төвөргөөн” хэмээн нэрлэжээ.
Үзэсгэлэнгийн танхимд 30 орчим зураг дэлгэсэн нь бүгд морины тухай. Хоёр зураачийн арга барил өөр ч, нэг сэдвээр туурвисан нь сонирхолтой. Гэхдээ уран бүтээлч болгон адилгүй, уран бүтээл нь ч онцлогтой учраас морь бүхний зүс бас нүд өөр юм. Мориор илэрхийлсэн санаа, өөрөөр хэлбэл морь болгоны араншин ондоо ажээ.
Эхийн хайр, эр хүний хийморь, монгол хүний омогшил, дөрвөн улирлын өнгө, тэр байтугай холоос гийчин ирэх монгол ахуйн, монгол хүний амьдралын сайхныг дандаа мориор, тэгэхдээ дандаа гэгээн өнцгөөс, хүнд юм бодогдуулсан, ухаарал өгсөн байдлаар илэрхийлсэн нь гайхамшигтай.
Хоёр зураач хүүхэд байхдаа л сурагч дэвтрийнхээ хавтсан дээр морь зурж гоёдог байж. Морь зурах нь хобби байсан бол сүүлдээ мэргэжил нь болж, одоо амьдрал нь болсон хэмээн дурсч байна. Тэдэнтэй ярилцсанаа толилуулъя.
Ч.Дорждэрэм:
МОНГОЛ АДУУ ТӨГС БҮТЭЭГДСЭН АМЬТАН
-Яагаад зөвхөн морь зурах болов?
-Бүх зураач морь зурдаг. Би тэдний л нэг. Морь байхгүй бол наадам ямар болох вэ. Тэгэхээр монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Морь хүний дотоод сэтгэл, гадаад илрэл, түүх дурсамж гээд бүх зүйлтэй салшгүй холбоотой. Бүр сэтгэхүйд нь байдаг. Тэгэхээр уран бүтээлч хүний хувьд морь зурах сайхан бас хийморьлог. Дээр нь монгол адуу өөрөө маш гоё зөв бүтэц, хэлбэртэй. Манайхан хурдан угшлын англи, араб адуу гээд байдаг. Тэднийг харахад надад кайф мэдрэгддэггүй. Толгой, цээж, хөл гээд бүх юм нь хиймэл юм шиг санагддаг. Монгол адуу бол өөр.
Орчлонд төгс юм байдаггүй гэдэг ч монгол адууг би төгс бүтээгдсэн амьтан гэж боддог. Мориноос сайхан энерги, уран бүтээлийн урам зориг авдаг. Биеийн бүтэц, хөдөлгөөнийг нь зурахад гоё байдаг. Монгол хүн болохоор цаанаасаа морь зурах заяатай юм байлгүй дээ, бага байхын дэвтэрийнхээ хавтсан дээр морины толгой зурдаг хүүхэд байсан.
Уран бүтээлээ эхэлсэн нь тэр. Зурах тусам урамшиж, эхний зургаа дуусгахад дараагийн уран бүтээлийн санаа орж ирж байдаг. Сүүлийн үед дан морь гэлгүй монгол ахуйг харуулсан зураг зурж байна. Морь зурах миний хобби байсан бол сүүлдээ их сургуульд орж мэргэжил болсон. Одоо миний амьдрал болоод явж байна даа. Тэгэхээр миний амьдралаас дүрслэх урлаг, тэр дундаа морь гэдэг сэдвийг авч хаяж болохгүй, тийм л нэгдмэл болсон. Ийм сэдвээр уран бүтээл хийгүйгээр би өөрийгөө төсөөлдөггүй.
-Зураач болоход хэн нөлөөлөв, таны багш хэн бэ?
-Миний багш Я.Эрдэнэчимэг. Анх дүрслэх урлагийн сургуульд ороход биднийг тосч авсан хүн дээ. Багш хүн тухайн хичээлийн А үсгээс эхлээд заадаг бол, миний багш дүрслэх урлаг гэж юу вэ, түүнд хөл тавьснаар уран бүтээлч зам нь юу вэ, тэр замд яаж ордог юм бэ, яаж ажил, амьдралаа авч явах вэ, ямар бие хүн болж төлөвших вэ гээд бүхнийг зааж хэлж захиж ирсэн.
Ажил хийвэл дуустал гэдэг шиг уран бүтээлийг яаж чин сэтгэлээсээ хийх ёстойг багшаасаа, ангийн хамт олон, найз нөхдөөсөө сурсан. Нийгэмд уран бүтээлчийг бэлтгэх бол маш том хариуцлага шүү дээ. Миний өдий зэрэгтэй яваа нь багшийн ач. Тийм болохоор багшдаа их баярладаг. Мөн тосон будгийн чиглэлд мэргэших талд Я.Оюунчимэг, До.Болд гээд олон сайхан багш нарын тус дэм их байлаа. Тэр олон хүний зүтгэлээр зураач болсон. Харин цаашид ямар уран бүтээл хийж, яаж явахыг цаг хугацаа харуулах байх.
-Уран бүтээлчийн хүсэл, цаашид хийхсэн гэж зорьж байгааг тань сонирхоё?
-Сайхан зураг зурахсан, түүх болж үлдэх уран бүтээл хийхсэн гэж боддог. Манайд морь зурсан алдартай зураач олон бий. О.Цэвэгжав гуайн “Азарганы ноцолдоон” гайхамшигтай зураг. Харах тусам өөртөө татаж гайхан бишрүүлж байдаг.
Урлагийн бүтээлийн үнэ цэнэ тийм байдаг. Уран зураг гэдэг уран гоё сэтгэж байгаагийн илрэл. Урлагийн бүтээл цаг хугацаа ахих тусам үнэ цэнэтэй болж, хүмүүсийг татаж байдаг, түүгээрээ ялгаатай. Урлагийн бус бүтээл цаг хугацааны явцад элэгдэж хуучирдаг. Тэгвэл урлагийн бүтээл эсрэгээрээ, улам үнэ цэнэтэй, улам л нууц нь үл тайлагдахаар болж байдаг.
Үе үеийн зураачдын бүтээсэн нандин бүтээлүүд маш том өв соёл юм. Түүнээс тухайн нутаг усны, тухайн ард түмний соёлыг, оюун санааны төвшнийг харж болно. Уран зургийн галарей”-д байгаа ахмад, дунд, залуу үеийнхний бүтээлээс харахад тэр бүхэн харагдана. Цаашид яах вэ гэдгийг ч ажиглаж болно.
Орчин үед бүхнийг мөнгөөр худалдаад авч болно гэж ярьдаг бол мөнгөөр авч болохгүй, сольж болохгүй, мөнгөөр үнэ цэнийг нь илэрхийлж болохгүй зүйлүүд бий. Тэр бол манай урлагийн сор болсон уран бүтээлчдийн хийсэн мундаг бүтээлүүд. Мөн Монголын түүхэнд үлдэж байгаа, Монголын ирээдүйг тодорхойлж байгаа үнэт зүйлүүд.
-Таны уран бүтээлүүдийг хүмүүс их сонирхдог юм билээ. Хэчнээн “адуу” худалдсан бол?
-Зургаа зурж, тодорхой хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулж амьдралаа авч явдаг. Морь сонирхдог, зураг цуглуулдаг хүмүүс ирж зураг үзэж, зарим нь худалдаж авдаг. Тэр нь дараагийн уран бүтээл хийх санаа, урам болж байдаг. Заримдаа зарахад хайран, хүн сонирхоход өгмөөргүй уран бүтээл байдаг л юм. Гэхдээ сэтгэж бодож, бүтээж чадаж байгаа тохиолдолд хийсэн, бүтээсэн дурсамж нь надад үлдэх болохоор урын сандаа төдөн бүтээл хадгалдаг гэх юм уу, тийм байх гэж нэг их хичээдэггүй.
С.Базарваань: МОРИОР ЯМАР Ч САНААГ ИЛЭРХИЙЛЖ БОЛНО
-Хэзээнээс эхлэн морь зурж байна?
-Мэдээ орсон цагаасаа харандаа барьж, цаас эрээчсэн гэж ээж, аав минь хэлдэг. Тэр үеэс өнөөг хүртэл зурж байна. Морины сэдвээр дагнан зурдаг. Хүүхэд байхын морь зурах дуртай байсан. Оюутан болоод тэр сэдвээ хаяагүй, одоо уран бүтээлийн талбарт бүтээл хийж явна.
-Зураач мэргэжлийг хаана ямар сургуульд эзэмшив?
-Үйлдвэр урлалын сургууль төгсөөд, Дүрслэх урлагийн дээд сургуульд орсон. Урчуудын эвлэлийн шагналт зураач Д.Батмөнх багшийн урланд таван жил сурсан. Манай багш морь зурдаг. Гэхдээ модернист арга барилаар бүтээлээ туурвидаг. Багш бид хоёрын арга барил өөр.
-Таны арга барил өвөрмөц санагдлаа. Дүрслэх урлагийн ямар чиг хандлагаар нь бүтээлээ туурвидаг вэ?
-Өөрийнхөө уран бүтээлийг яг дүгнэж хэлэхэд хэцүү юм. Тэрийг урлаг судлаачид хэлэх байх. Ер нь бол реалист хэв маягтай атлаа орчин үеийн хандлагатай гэх юм уу, нэг ийм чиглэлээр зурдаг. Харин хамт үзэсгэлэн гаргасан Ч.Дорждэрэм маань цэвэр реалист арга барилаар зурдаг. Бид хоёрын арга ажиллагаа өөр, зургууд маань ч нэг сэдэвтэй атлаа огт өөр. Үзэгчид маань сонирхолтой байна гэж сэтгэгдлээ ярьж байна лээ.
-Зурах арга барил гэснээс таны зургууд нэлээд эмоцтой гэх юм уу, таны морьдоос нэг тийм араншин анзаарагдаж байна?
-Би нэг дор удаан сууж чимхлүүр байдлаар зурах дургүй гэх юм уу. Нэгэн хэвийн юм гарах шиг санагддаг. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр зургаа илэрхийлдэг. Будгаа ч чөлөөтэй цацдаг. Зурах болгонд эрэл хайгуул хийж, шинийг хийхсэн, зурахсан гэж боддог. Морь зурж байгаа ч гэсэн морьдын дүрсээр хэлэх гэсэн санаагаа илэрхийлж байгаа юм.
-Хугацаа ямар байх вэ, нэг зураг бүтэхэд?
-Янз бүр. Хурдан зурах нь ч бий, удах нь ч байна. Анх санаа орсон цагаас эхэлж тооцвол жил тойрон зурсан зураг ч байдаг. Санаагаа бүтээл болгох хүртэл багагүй цаг орно.
-Бүтээл хийхэд бэрхшээл гардаг уу?
-Өөрийн гэсэн урлангүй байгаагаас эхлээд бидэнд бэрхшээл бий. Гэхдээ зураач гэлтгүй уран бүтээлд сэтгэлээ өгсөн хэн ч бүх саад бэрхшээлийг давж гарна шүү дээ. Түүний төлөө л зүтгэж байна.
-Таны зургийг ямар хүмүүс сонирхож байна. Худалдаж авах санал хэр ирдэг вэ?
-Морины зургийг хүмүүс их сонирхдог юм. Ялангуяа гадаадынхан сонирхож худалдаж авах нь элбэг. Их төлөв гадагшаа гараад явчихдаг. Монгол хүн худалдаж авахад “Нэг зураг ч гэсэн монголдоо үлдлээ” гэж баярладаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!