Америкийн санхүүгийн “Mercer” компанийн тодорхойлсноор гадныхан амьдрахад хамгийн өртөг өндөртэй газрын жагсаалтад энэ удаа Африкийн хоёр хот багтжээ.
Энэ жагсаалтыг дэлхийн 211 хотын орон сууц, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшаас гадна зугаа цэнгэл, үзэж харах зүйлд зарцуулах зардлыг Нью-Йорктой харьцуулж гаргадаг байна.
2014 оны энэ жагсаалтыг Луанда хот тэргүүлсэн бөгөөд Анголын нийслэл дэлхийн хамгийн үнэтэй хотоор хоёр жил дараалан тодорч буй юм.
Түүний араас Чадын Нжамен жагсчээ. Африк тивийн энэ хоёр хотод гадныхан амьдрахад өртөг өндөртэй байдгийн шалтгааныг бараа бүтээгдэхүүнээ бараг 100 хувь импортоор авдагтай нь холбон тайлбарлаж болох гэнэ. Орон нутгийн гэх хүнсний чанар тун муу.
Мөн эдгээр хотод барууны стандартад нийцсэн, аюулгүй оромж олох тун бэрх. Тиймээс гайгүй шиг байр сууцны үнэ тэнгэрт хадсан байдаг аж.
Жагсаалтын гуравдугаарт Хонгконг, дөрөвдүгээрт Сингапур бичигджээ. Швейцарийн Цюрих өмнөх жилийнхээс гурван байр урагшилж тавдугаарт орсон байна.
Энэ жагсаалтын зургаа болон наймдугаарт Женев, Берн гэж Швейцарийн хотууд жагссан гол шалтгаан нь орон сууцны түрээсийн төлбөр өндөртэй холбоотой.
Гадныхан аж төрөхөд чамгүй өндөр зардал гарах хотуудын долдугаарт бичигдсэн Японы нийслэл Токио өмнөх жилийнхээс дөрвөн байраар ухарсан үзүүлэлт гэнэ.
Оросын нийслэл Москва энэ удаа есдүгээр байрт орсон нь рублийн ханшийн сулралтай холбоотой байжээ. Гадаадынхны хэтэвчийг байрны түрээсийн төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшаараа жинхэнэ утгаар нь сэгсэрч чаддаг хотуудын аравдугаарт Хятадын Шанхай орсон байна.
“Mercer”-ийн тодорхойлсноор Луандад гадныхны амьдралын өртөг Афганистаны Карачигаас гурав дахин өндөр.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!