
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлер Ангела Меркель нар хоёр улсын хооронд тагнаж чагнасан гэх дуулиан дэгдсэнээс хойш анх удаа утсаар ярьж тухайлан эл асуудлаар хөөрөлджээ.
Америкийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байсан Германы гадаад тагнуулын ажилтныг баривчилсан тухай мэдээлэл долдугаар сарын 2-нд тодорхой болсон юм. Энэ үйл явдлыг Ангела Меркель хоёр улсын хооронд итгэл эвдсэн хэрэг хэмээн дүгнэсэн байна.
Тиймээс 3-ны шөнө Барак Обама Ангела Меркель рүү утсаар ярьж АНУ Германтай нууц албаныхны ялангуяа тагнуулын түвшинд хамтарч ажиллахыг эрмэлзэж буйгаа итгүүлэхийг оролджээ.
Энэ тухай Цагаан ордны мэдэгдлийг эх сурвалж болгон “Ройтер” мэдээлсэн. Уг мэдэгдэлд “Ерөнхийлөгч, Канцлер нар АНУ болон Германы тагнуулын салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал боддоо солилцсон бөгөөд Ерөнхийлөгч Барак Обама хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ салбарын хамтын ажиллагааг цаашид ч бэхжүүлж хөгжүүлэхийн тулд байнгын холбоо харилцаатай байх болно хэмээсэн” гэж дурдсан байна: Харин Ангела Меркель хариуд нь “Холбоотноо тагнана гэдэг хүчээ дэмий барж буй хэрэг” гэдгийг давтан сануулжээ.
Энэ хоёр улсын харилцаа өнгөрсөн жил Эдвард Сноудений ачаар ил болсон тагнаж чагнасан тухай мэдээллээс хойш илт хүйтэрсэн. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Ангела Меркелийн утасны яриаг нууцаар сонсч байсан нь ил болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!