Хямралыг гэтлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. Шувтрах шатандаа орсон “Эзэн 100” хөтөлбөрийн үр дүнг бардам хэлэхэд хэцүү л байна.
Тиймдээ ч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ хүрээнд цөөнгүй хуулийн төслийг санаачлан заримыг нь хаврын чуулган хаахтай зэрэгцүүлэн батлуулж амжсан. Түүний нэг бол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл.
Иргэний нийгмийн төлөөлөл төдийгүй Их хурлын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан энэхүү хуулийн төсөл батлагдаж, уур уурхайн салбар төдийгүй унаж байгаа эдийн засгийг аврах арга болсон.
Үүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд нотолж “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд маш чухал хуулийг баталлаа гэж ойлгож байна. Энэ хууль батлагдсанаар Монголын эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэж, сайн үр дүн авчирна гэж бодож байна” хэмээн хуулийн төслийг батласныхаа дараа дуулгасан.
Харин хямралыг гэтлэх нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон эзэмших эрх үүргийг зохицуулах байсан юм. Үүнийг баталснаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дөрвөн жилийн өмнөөс царцаасан ашигт малтмалын лиценз олгож, уул уурхайн салбарын унтаа байдлыг сэрээх юм.
Нэг талдаа үндэсний эрх ашгийг хадгалах, нөгөө талд унаж яваа эдийн засгийг сэргээхийн тулд үргэж одсон хөрөнгө оруулагчдыг саатуулан тогтоох үүрэг хүлээсэн Ашигт малтмалын хуулийн эдийн засгийн үр дагаврын онцлох хэсгээс дурдъя.
Энэ мэтчилэн элэг дөрвөөрөө хэвтэж наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж орхисон эдийн засгийг сэргэхэд дорвитой дэм болно хэмээн тодорхойлогдож байгаа энэхүү хуулийн төсөл ямартай ч батлагдлаа. Гэхдээ үүнийг парламент 100 хувь дэмжээгүй.
Учир нь хямралаас гаргах нэмэлт өөрчлөлтөд асуудал дагуулсан олон зүйл заалт байсан.
Нэмэлт өөрчлөлт нэмэр болохоос илүүтэйгээр нэрмээс болох байсан гэдгийг мэргэжилтнүүд дуулгаж байсан. Тухайлбал, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн наймдугаар зүйл буюу УИХ-ын бүрэн эрхийг заасан заалтуудын нэг нь болох 8.1.3-д “улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж заасан байдаг.
Гэтэл үүнийг “улсын хилийн зурвас газраас бусад улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, улсын хилийн зурвасыг Монголын төрийн хяналтаас гаргасан байсан. Төрийн хяналтаас гаргасан тэрхүү улсын хилийн зурвасыг Үндэсний геологийн албанд хариуцуулахаар тусгажээ.
Тус албаны ажил үүргийг заасан 9.1.12-д “улсын хилийн зурваст ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх асуудлыг шийдвэрлэх” гээд заажээ.
Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэрийдлээр эх орондоо бус элгэн саданд тал засч, хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилээр удаа удаад нь сунгах байсныг гурван удаа буюу есөн жилээр сунгах болжээ.
Мөн УИХ-ын бүрэн эрхэд хамаарах “8.1.6. цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох” заалтыг хүчингүй болгосон байна. Үүнээс гадна ард түмний баялаг болох стратегийн чухал ач холбогдолтой ард газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэх, ард түмний хяналтаас гаргах зэрэг заалтуудыг тусгасан байжээ. Энэ мэт зарим зүйл заалт нь энэхүү хуулийг төслийг эргүүлэн татахад хүргээд байсан юм.
Гэвч эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд энэхүү хуулийн төслийг батлахгүй бол болохгүй гэсэн мухар сохор аргыг хэрэглэж, хаврын чуулганы хаалттай зэрэгцүүлэн баталсан.
Батлахдаа асуудал дагуулсан зарим зүйл заалтыг хэвээр явуулсан юм.
Тухайлбал, Хуулийн төслийн “5.3. Энэ зүйлийн 5.4, 5.5–д заасан ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлох бөгөөд уг гэрээ нь ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлд тусгасан орд ашиглах хугацаанд хүчин төгөлдөр байна.
5.4. Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн эзэмшлийн хувь хэмжээг ордын эдийн засгийн үр өгөөж болон ашгийн түвшинг харгалзан 50 хүртэл хувиар тогтоож болно.
5.5. Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хандаж хүсэлт гаргасан хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн эзэмшлийн хувь хэмжээг ордын эдийн засгийн үр өгөөж болон ашгийн түвшинг харгалзан 34 хүртэл хувиар тогтоож болно” хэмээн тусгасан. Энэхүү заалтын талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Стратегийн ордод төрийн эзэмших хувь хэмжээг байхгүй болгох гээд байсан.
Тиймээс ажлын хэсэгт орж ирц бүрдүүлээгүй. Сүүлдээ бүр ажлын хэсгээс хасаад хаячихсан. Улмаар нэг намын ажлын хэсэг л үлдсэн. Бидний тавьсан шаардлага бол өөрөө өөрсдийнхөө баялгийг үнэлдэг болгоё гэж байгаа. Тэр 5.3-5.5-д зааснаар Монголын төр хувь эзэмшихгүй болж батлагдах нь” гэж байсан юм.
Ямартай ч асуудал дагуулаад байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсан. Ингэснээр уул уурхайн салбар төдийгүй улс орны эдийн засаг бүхэлдээ хямралаас гарна гэж Засгийн газар амласан. Тиймээс үндэсний эрх ашгийг хадгалахын зэрэгцээ унаж яваа эдийн засгийг сэргээх хуулийн төсөл болсон эсэх нь хэрэгжиж байж л мэдэгдэх байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!