Гадаад харилцааны яаманд “Алтаргана-2014” наадмын албан ёсны нээлт, “Буриадын “Алтаргана” наадам, түүний үр нөлөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр болсон юм.
Үүдээр ормогц буриад дээлтэй намхавтар эр утсаар ярьж байна аа. Тэрбээр өндөр дуугаар “Майхнаа хаана ч барьж болно оо. Дадал сум руу явж ороход байдаг хүндэтгэлийн хаалганы хоёр талаас сум хүртэлх замд майхнууд эгнүүлээд барьчихсан байгаа. Тэдэн дунд зай олдоно. Сумын зохион байгуулагчидтай уулзахад хэлээд өгнө дөө.
Замдаа дөрөв, таван жижиг гол гарна шүү дээ. Машин тэрэг чинь ус, шаварт сууж мэднэ. Уяа татлагаа сайн авч яваарай. За өөр юмгүй. Ажилтай байна, баяртай” гээд утсаа салгалаа. Тэр хүн бол Буриад судлалын академийн ерөнхийлөгч, наадмыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн, доктор, дэд профессор М.Одмандах аж.
Бороо хур, шавар ус үнэхээр элбэг байгаа. Гэсэн ч “Алтаргана” наадмаа зорьж эртнээс бэлтгэсэн буриадууд, энэ наадамд дуртай монгол хүн бүрт цаг агаарын бэрхшээл огтоос саад болохгүй нь зөвхөн энэ ярианаас харагдах. Наадам Дадал суманд 18,19-нд үргэлжлэх ч наадамчдын түрүүч хэдийнэ оччихсон гэр, майхнаа барьж тухлаад байгаа юм билээ. Энэ жилийн наадамд хол ойрын 10 мянгаад буриад цуглах урьдчилсан мэдээ байгаа аж.
Наадмыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй бөгөөд эрдэм шинжилгээний хурлыг ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нээж үг хэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэндчилгээг түүний зөвлөх М.Хүдэрбаатар уншиж хүргэв. Мөн ССАЖ-ын сайдын мэндчилгээ ч ирсэн байлаа. Энэ хэсэгт мөн уг наадмыг санаачлагч, үүсгэн байгуулагч Ц.Балдандорж болон Б.Мөнхжаргал нар түүхэн дурсамж өгүүлэн, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Доктор М.Одмандах, наадмыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн, Буриад өв соёлыг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч, профессор С.Билэгсайхан, МУБИС-ийн багш, доктор А.Оюунтунгалаг нар илтгэл тавьсны дараа хуралд оролцогсод хүндэтгэлийн зураг авахуулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Харин дараа нь хурлын төлөөлөгчид салбар хуралдаанаар илтгэлүүдээ хэлэлцүүлэхээр танхимуудад хуваагдан одсон юм.
Буриад зоны хэмээх тодотголтой ч монгол үндэстний бусдаас ялгарах нэгэн толь болох хэмжээнд хүртлээ хөгжиж буй “Алтаргана” наадмын анхныхыг зохион байгуулснаас хойш хорин жил өнгөрчээ.
Эдүгээ 11 дэх нь эхэллээ. Хэнтий аймгийн Дадал суманд явуулсан анхных нь буриад дууны наадам байж. Харин хоёр дахийг нь зохион байгуулах санаачилга гаргасан Биндэр сумынхан ер нь буриад ястнуудын өв уламжлал, соёлыг харуулсан өргөн хүрээтэй наадам болгоё гэсэн санаачилга гаргасан нь өдгөө олон улсын хэмжээний нэр хүндтэй наадам болтлоо өргөжөөд байна. Наадам хоёр жил тутамд болдог бөгөөд ОХУ ч хэд хэдэн удаагийнхыг зохион байгуулсан түүхтэй.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр нэгэн сонирхолтой мэдээлэл дуулсан юм. “Алтаргана” наадмын санаачлагч, үүсгэн байгуулагч нь буриад биш, харин халх хүн юм билээ. Түүнийг Б.Мөнхжаргал гэдэг. Өдгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэртээ 1994 онд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт соёл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсэн, зохиогчийн эрхийг нь ч эзэмшдэг ажээ. Түүнтэй уулзав.
-“Алтаргана”наадмыг буриадууд санаачилсан гэж бодож байлаа. Гэтэл халх бүсгүй үүсгэн байгуулсан юм байна шүү дээ. Түүхээс нь товч сонирхуулна уу?
-Би 1994 онд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт соёл хариуцсан мэргэжилтэн байлаа. Санкт-Петербургт соёл-ын удирдлагын мэргэжлээр дээд сургууль төгсч ирсэн хүн дорвитой, санаачилгатай ажиллах ёстой гэж бодож хичээдэг байсан юм. Сайтар бодсоны дүнд орон нутаг, хүн ардынхаа онцлогийг шингээсэн арга хэмжээ гэвэл буриад дууны наадам байж болох юм байна гэж бодсон л доо.
Энэ тухайгаа Засаг даргадаа хэлэхэд “Төсөв хөрөнгө хэцүү байна. Гэхдээ зохицуулаад зохион байгуулна гэвэл дэмжилгүй яах вэ” гээд тушаал гаргаж байлаа. Төсөвлөж өгсөн багахан мөнгөн дээр нь ивээн тэтгэгчдээс мөнгө цуглуулж байгаад анхны буриад дууны наадмыг явуулахад их гоё болсон. “Алтаргана” гэдэг нэрийг Дадал сумынхан өөрсдөө өгч байлаа.
Хос, бөх иштэй цэцэг байдаг, түүгээр бэлгэдэж нэрлэе гэсэн юм. Нэг удаа наадам хийгээд зогсчих уу, яах вэ, цаг үе амаргүй байдаг, яадаг билээ гэж байтал Биндэр сумынхан дараагийнхыг нь хийе гэсэн санаачилга гаргасан. Тэгэхэд баярласан гэж яав аа. Ингээд сум, аймаг, улмаар улс, олон улсын түвшний наадам болж өргөжөөд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!