Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бурмаа: Боловсролын салбарын төсөв нэмэгдэх хэрэгтэй юм байна

ikon.mn
2014 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

БШУЯ-аас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаад хоёр дахь хичээлийн жилээ үдэж байна. Бага боловсролын шинэчлэлийн төслийн багийнхны боловсруулсан шинэ хөтөлбөрийг  хот хөдөөгийн нийт 40 сургууль дээр туршин хэрэгжүүлж байгаа юм. 

Уг хөтөлбөрийг туршиж буй СХД-ийн  2-р бага сургуулийн хичээлийн явцтай УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Нэргүй болон их, дээд сургуулийн захирал, БШУЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд өнөөдөр танилцлаа. 2-р бага сургуулийн хувьд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллээд нэг жил болж байгаа юм байна. 

Дээрх хүмүүс ”Монгол хэл”,  “Ес суртахуун”, “Амьдрах ухаан”-ны хичээлүүдэд дараалан сууж танилцсан юм.

Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд “Ёс суртахуун”, “Амьдрах ухаан”-ы хичээл оруулж эхлээд байгаа бөгөөд эдгээр хичээлээр хүүхдэд мэдлэг олгохоос илүүтэй тэдэнд  зүрх сэтгэлийн боловсрол олгож  аливааг хайрлах, өөртөө итгэлтэй бие даасан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой аж.

Өнөөдрийн хичээлүүд, тухайлбал “Амьдрах ухаан”-ны хичээл дээр хүүхдүүд жилийн хугацаанд тус хичээлээр юу хийж сурснаа тайлагналаа.

 Хүүхдүүд юу сурахаа өөрсдөө сонгодог бөгөөд энэ ангийнхан компьютерын хэрэглээний программ ашилаж сурах, цаасан урлалаар бүтээл хийх,  хоол хийх, цэцэг тарих зэргийг сурах зорилго тавьжээ.

Тэдний зорилго биелэсэн бөгөөд бүгд л компьютер  дээр тодорхой хэмжээнд ажилладаг, салат, хөнгөн зууш хийж, цэцэг тарьж, цаасан урлалаа хүссэн зүйлээ хийж чаддаг болжээ.

Хийснээ ярилцаж хийж, сурахад ямар бэрхшээл байсан талаар санал солилцож бие биетэйгээ туршлагаа хуваалцаж өөрсдийн хийсэн зуушаар зочдоо дайлж, бас өөрсдийн гараар үрслүүлсэн цэцэгийн үрээ сургуудийнхаа гадаах цэцгийн мандалд суулгав.

Бага ангийн хүүхдүүд нүдэн дээр нь ийм олон зүйл хийж чадаж байгааг харсан хүмүүс БШУЯ ийм сайхан ажил эхлүүлчихээд тэрнийхээ үр дүнг  олон нийтэд хүргэж, бусдад түгээн дэлгэрүүлэх ажил муу хийж байна хэмээн шүүмжиллээ. 

Энэ бүгдийг нүдээр үзсэн эрхэм гишүүн Р.Бурмаа “Сургалтын арга барил үнэхээр өөр болсон юм байна. Хамгийн гол нь багш багахан өөрчлөгдөхөд хүүхэд хэрхэн өөрчлөгддөгийн жишээ эндээс тод харагдаж байна. БШУЯ-аас багшийг сургах, хүүхэдтэй ажиллах хичээлийн хэрэглэгдэхүүн худалдаж авахаас эхлээд олон зүйл шаардлагатай.  Тиймээс  боловсролын салбарын төсөв нэмэгдэх хэрэгтэй юм байна” гэдгийг хэлж байлаа.