Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долоодугаар сарын 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч, 31 настай эмэгтэй Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан.
Хохирогчийг мэргэжил нэгт найз Ц.Туяа гэгч эмэгтэй хардалт, өс хонзонгийн сэдлээр хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ.
Тэгвэл эл хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд нээлттэй эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм.
Учир нь хохирогч Э-г харанхуй орцонд 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн шүүгдэгч Ц.Туяа эл хэрэгт хоёр өмгөөлөгч авсан байна.
Харин түүний өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралд ирсэн бөгөөд Оюунтунгалаг өмгөөлөгч саяхан хагалгаанд орсон тул ирж чадахгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүнд бичгээр мэдэгджээ.
“Охиныг минь хөнөөсөн алуурчинд цаазын ял өг”
Хоёрын хоёр эмэгтэйн амьдралаар тоглож, нэгийг нь шоронд нөгөөг нь шороонд булсан Д.Батболд гэгч залуу ч шүүх хуралд оролцохоор иржээ. Тэрбээр хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр шүүх хуралд оролцож байгаа аж. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараагийн шүүх хурлыг хаалттай явуулж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Учир нь шүүх бүрэлдэхүүн уг шүүх хурлыг хаалттай хийх ямар ч шаардлагагүй гэж үзсэн юм.
Бусдын гарт зэрлэгээр амиа алдсан талийгаач Э-гийн ээж сэтгэлээ барьж дийлэлгүй шүүх хуралдааны танхимд чанга дуугаар орилж, сэжигтэн Ц.Туяа руу дайрч давшилж байв. Тэрбээр “Миний охиныг хөнөөсөн алуурчинд цаазын ял өгөх хэрэгтэй. Охиныг минь алчихаад байхад шүүх хурал хойшилж байгаа нь ямар учиртай юм. Бидний залуу үе хүн алж байхад би яагаад охиныг минь алсан алуурчинг алж болохгүй гэж” гэлээ.
Ингээд шүүх хурал тарсны дараа хохирогч Э-гийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Шүүх хурлыг ямар шалтгаанаар хойшлуулахаар болов?
-Шүүгдэгчийн нэг өмгөөлөгч ирээгүй гэсэн. Тиймээс шүүх хурал энэ сарын 11-ний 10:00 цаг хүртэл хойшиллоо.
-Хохирогчийн ар гэрийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид хэргийг дутуу шалгасан гэж үзэж байгаа. Өөр нэмэлт тайлбар хэлэх боломж алга.
-Энэ хэрэгт буруутай гэх Д.Батболд хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа юу?
-Тийм зүйл байхгүй. Ямартай ч шүүх хуралдаан хойшилсон учир хэргийн нөхцөл байдлын талаар ярих боломжгүй.
Одоогийн байдлаар сэжигтэн Ц.Туяад хүний амь насыг онц хэрцгийгээр, өс хонзонгийн сэдлээр үйлдсэн хөнөөсөн гэх үндэслэлээр хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа бөгөөд тус зүйл ангид өс хонзонгийн сэдлээр хүнийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн үзэж 25 жилийн ял эсхүл цаазын ял оноох юм.
Гэвч манай улс эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй учраас 25 жилийн ял оноохоор төлөвлөж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!