- Асуувал, хариулъя -
Өлсгөлөн үедээ цай уух хэрэггүй
-Их хөлөрсөн үед ус уух сайн, муу гээд янз бүрээр ярьдаг. Аль нь сайн юм бэ. Би фитнесээр хичээллэдэг. Халууцаж, хөлөрсөн үедээ цэвэр ус их уудаг. Энэ муу юу?
БГД-ийн иргэн Батчулуун
-Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ нь нэлээд их байдаг тул хүний биеийн эсэнд түргэн хүрдэг. Харин буцалгасан хүйтэн усанд бөөгнөрсөн молекул элбэг байдаг учраас биеийн эсэд түргэн хүрч чаддаггүй юм. Тийм учраас хүйтэн ундаанууд ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хямраадаг.
Ер нь бол аль ч улиралд зохих хэмжээний цай ууж байх сайн. Тухайлбал, зуны улиралд гашуувтар амттай сэрүүн чанартай цай уух нь биеийн халууныг хөөж, уушгийг дэвтээх, цэрийг ховхлох, шээс хөөх зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
Залуу хүмүүс ихэвчлэн эрч хүчтэй ажилладаг. Энэ үед халууныг хөөх цай уух сайн. Харин өтгөс настай хүмүүсийн элэг, ходоодны үйл ажиллагаа мууддаг тул ундаа, ус, цай зэрэг шингэн зүйлийг аль болох бага уух хэрэгтэй. Үүний зэрэгцээ цайг өлсгөлөн үедээ уухыг аль болох цээрлэх хэрэгтэй.
П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Хоол судлалын тэнхимийн эрхлэгч П.Баярсайхан
Киста сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг
-Бүсгүйчүүд “Би кистатай” гээд тоохгүй яваад байдаг. Энэ өвчин хэр хор уршигтай вэ?
Чингэлтэй дүүрэг. Ц.Бадмаараг
-Мэдээж удаан хугацаагаар эмчлүүлэлгүй даамжруулбал киста аюултай. Бүр мушгираад хагалгаанд орохоос өөр аргагүй болдог. Хамгийн хор уршигтай нь түүнийг өндгөвчтэй нь хамт авах шаардлагатай болдог. Кистагийн хамгийн наад захын өөрчлөлт нь сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдэг өөрчлөгдөнө гэдэг аажимдаа гармоны алдагдалд оруулна гэсэн үг.
Магадгүй үргүй болгох аюултай ч байж мэднэ. Тиймээс үүнийг тоохгүй явж болохгүй. Кистаг гаднаас нь хараад мэдэх арга байхгүй. Гэхдээ хоёр цавиар хатгуулах шинж тэмдэг илрэх юм бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь кистаны анхны шинж тэмдэг. Ер нь бүсгүйчүүд зургаан сард нэг удаа эмчид үзүүлэх хэрэгтэй.
“Мэри стонс” эмнэлгийн их эмч Ц.Мөнхнасан
Кофе уух нь жирэмслэх магадлалыг бууруулдаг
-Би ажил дээрээ ч, гэртээ ч кофе их уудаг. Одоо бүр кофе уухгүй үед толгой өвдөөд байдаг бодсон. Өтгөн, халуун кофе уухаар бие тайвшираад, сэтгэл сэргээд ирдэг. Энэ нь хожим эмэгтэйчүүдэд ямар нэгэн муу нөлөөтэй юу?
БЗД-ийн иргэн Д.Цолмонбаяр
-Кофег аль болох бага уух хэрэгтэй. Учир нь, Невадын их сургуулийн Шон Уорд “Жирэмслэхийг хүссэн эмэгтэйчүүд кофе эсвэл кофейн агуулсан зүйлүүдийг уухгүй байхыг зөвлөсөн байдаг. Учир нь, 9000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт дөрвөөс дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүд жирэмслэх магадлал 1\4 хувиар багасдаг болохыг нотолсон байдаг.
Кофейн нь үрийн хоолойн булчингуудийн идэвхижилтийг бууруулдаг. Ингэснээр өндгөн эс үрийн хоолойгоор явдаг хөдөлгөөн удааширдаг гэж үзсэн. Тиймээс кофег аль болох уухгүй байх хэрэгтэй.
Клиникийн нэгдүгээр амаржих газрын их эмч Б.Оюунчулуун
Чонын мах дархлаа сайжруулдаг уу?
-Ханиад хүрсэн үед хүүхдийн хоолойд ээжийнх нь шээсээр жин тавих, чонын мах өгөх зэрэг нь үр дүнтэй гэх юм. Энэ үнэн үү?
Сүхбаатар дүүрэг. М.Цэнгэл
-Чонын мах дархлаа сайжруулдаг. Бүр чонын махан бэлдмэл гээд худалдаанд байдаг. Харин шээсээр эмчилгээ хийдгийг би хувьдаа судлаагүй, үр дүнтэй гэхэд эргэлздэг. Ер нь хүүхдээ ханиад хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Өвлийн улиралд биш.
Зун, намар дархлаажуулж, зөв зохистой хооллож, амин дэм өгч байх хэрэгтэй. Ханиад хүрсэн тохиолдолд антибиотик өгч болохгүй гэсэн гээд суугаад байж болохгүй, Эмийг зөв зохистой хэрэглэх нь чухал.
ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, уушгины эмч Д.Гэрэлмаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!