Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн шинэ удирдлага өнөөдөр ажлаа хүлээж авна

Л.Оюу, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 20
Өдрийн шуудан
А.Мөнхтайван өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээж авахаар болсон байна

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн сарын дундуур болж зургаан иргэн материалаа ирүүлсэн байсан билээ.

Тодруулбал, энэ албан тушаалд өрсөлдөхөөр тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал асан Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирал асан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар материалаа бүрдүүлж өгөөд байсан юм.

Гэвч Төрийн албаны зөвлөлийнхөн энэ албан тушаалд өрсөлдөх хүмүүсийг доктороос дээш эрдмийн зэрэг цолтой байх ёстой гэсэн шалгуур тавьснаар Ц.Энхбаяр шалгуурт тэнцэлгүй жагсаалтаас хасагдсан.

Иймээс тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар болох Б.Батмагнай, Р.Энхсайхан, Хишигсүрэн нар нэрээ татаж А.Мөнхтайван ганцаараа үлдэж улмаар өндөр оноо авч шалгаруулалтад тэнцээд байсан юм.

Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ингэснээр сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Мөнхтайван өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээж авахаар болсон байна.

Зураг