Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Габриала Крист: Богд хаан оюуны өндөр боловсролтой хүн байсан нь мэдэгдэж байна

Н.Лхагва, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 4
Өдрийн шуудан
Зураг зураг
Музей болгон тус тусдаа онцлогтой

-Ганц ховор үзмэр байхад л дэлхийн бүх хүнийг цуглуулж болно шүү дээ-

“Богдын ногоон ордон”, “Голын ногоон сүм” хэмээн олонд нэрлэгдэж ирсэн “Богд хааны ордон музей” тухайн цаг үедээ Нийслэл хүрээний чимэг байсан нийслэл хүрээг буурин дээр нь авч үлдсэн бөгөөд “шидтэн” хэмээх нь бий. Учир нь энэ ордонд нэгэн үе Монголын бүх ноёд чуулж, Нийслэл хүрээг зуд, ган болдоггүй байгаль сайхантай нутагт нүүлгэх тухай яриа гарсан юм билээ.

Тэгэхэд олон ноёд дундаас Боржигон цэцэн вангийн ноён босч “Тэгвэл би нүүлгэх хөсөг гаргая. Харин та нар Богдхан уул, Туул гол, Богдын ногоон ордныг нүүлгээрэй” гэж хэлснээс үүдэн Нийслэл хүрээг буурь сэлгэхийг зогсоосон тухай домог мэт яриа бий.

Тэгвэл XIX зууны сүүлийн хагаст баригдсан Богдын ордон Монголын түүхийн ховор нандин үзмэр болоод байгаа ба VIII Богд Жавзандамба саваагүй сонин хачин зүйлс цуглуулдаг байсан нь өнөөдөр монголчуудын соёлын том өв болон бүртгэгдээд байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр тус музейн сан хөмрөг үнэт зүйлсээр баян ч тэр болгон олны өмнө тавигдаад байдаггүй аж.

Үнэндээ бид "Богдын музей” гэж мэдэхээс ямар ховор үзмэр байдгийг тэр бүр мэддэггүй. Харин Вена хотын Хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн захирал Габриала Крист тус музейд ховор чамин үзмэр олон байгааг мөн хадгалалт сайн байгаа талаар сонирхуулан ярьсан юм.

Монголын ард түмний энэ их өв соёлын талаар түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Таны Монголд ирсэн зорилго биелэв үү. Манай музейд ховор нандин үзмэр хэр олон байна вэ?

-Бид ССАЖЯ-ны урилгаар ирж Соёлын өвийн газар, Богд хааны ордон музейгээс зохион байгуулсан сургалтад оролцон музейн ажилчдад хичээл заалаа. Сан хөмрөгт хадгалж байгаа даавуун болон зөөлөн эдлэлийг хэрхэн хадгалах, дэглэх талаар зааж таниулах зорилготой ирсэн юм. Энэ сургалтаас музейнхэн их зүйл мэдэж авсан байх аа. 

Зарим зүйл дээр бидэнд ч мэдэж авахаар зүйл гарч ирж байлаа. Цаашдаа манай сургуультай хамтран ажиллах эх суурийг тавьж байгаад таатай байна. Монголын музейн ажилчид манай сургуульд сурч, мэргэжил дээшлүүлэх сургалтад суух үүд хаалга нээлттэй болж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй гэж би музейн ажилчдад хэлсэн.

-“Богд хааны ордон музей”-н сан хөмрөгт байгаа үзмэрийн хадгалалт ямар байх юм. Та бүхэнд сонин содон санагдахаар зүйл их байсан уу?

-Бид “Богд хааны ордон музей”-д ажиллах үеэр зарим зүйлтэй танилцсан. Монголын музейнүүдэд даавуу болон зөөлөн эдлэлийн үзмэрүүд олон хадгалагдаж байдаг юм билээ. Их эртний ховор нандин эд зүйлч цөөнгүй байсан. Сан хөмрөгийн хадгалалт, шинэчлэлт шаардлагын дагуу зөв замаар хийсэн байна билээ. Монголын музейн ажилчид өргөн мэдлэгтэй юм байна.

Богд хааны ордон музей үзмэрээ орчин үед шаардагдаж байгаа хадгалалтын технологи, горимоор хийгээд сурчихсан байгаад бид гайхсан.

Сургалтын явцад ажиглаж байхад зарим үед бид энд ирэх хэрэг байсан юм болов уу гэж эргэлзэхэд хүрч байсан шүү. Танайхан музейн үзмэрээ хэрхэн яаж сэргээн засварлах, хадгалах, дэглэхийг сайн мэддэг юм байна. Ер нь мэргэшчихсэн хүмүүс юм. Богд хааны ордон музей гэхэд л үзмэрээ орчин үед шаардагдаж байгаа хадгалалтын технологи, горимоор хийгээд сурчихсан байгаад бид гайхсан.

Даавуу, зөөлөн эдлэлээр бүтээсэн эд өлгийн зүйлс хадгалалтын горимоос шалтгаалаад насжилт бага болдог. Үүнд их анхаардаг нь харагдсан.

Монгол орны цаг уурын онцпогоос шалтгаалаад зөөлөн эдлэлийн хадгалалтад таатай нөхцөл бүрддэг тал байна. Гэхдээ л аливаа юмыг хадгална гэдэг нарийн горим шаарддаг. Түүнийг танай музейнхэн хийж чадаж байна гэдэг бахархууштай.

-Манай музейнүүд танд ямар сэтгэгдэл төрүүлэв. Бүх музейн үзмэртэй танилцаж амжсан уу?

-Би зөвхөн “Богд хааны ордон музей”-г л үзлээ. Тус музей гаднаасаа харахад жижигхэн мэт боловч байрнаасаа ахадсан ховор нандин үзмэртэй юм. Тус музейд ХVIII зууны үеийн ховор үзмэрүүд байна. Ихэнхдээ XIX зууны сүүл үеийн эд зүйлс байна билээ. Бодож үзэхэд 100 гаруй жилийн өмнөх хийц гэхэд эрт үеийнх байгаа биз дээ. Богд хаан их юм цуглуулдаг сонин хүн байсан байна. Түүний бага хэсэг нь байгаа гэж бодоход оюуны өндөр боловсролтой хүн байсан нь мэдэгдэж байна.

-Таны бодлоор “Богд хааны ордон музей”-д цаашид менежмеш' хийхэд юуг анхаармаар санагдсан бэ?

-Музей болгон тус тусдаа онцлогтой. Монголд хэдий хэмжээний жуулчин ирдэг вэ гэдгийг би мэдэхгүй. Богд хаан хэр их нөлөөтэй хүн байснаас бас шалтгаална. Музейд үзмэр цөөднө гэж байдаггүй.

Ганц ховор үзмэр байхад л дэлхийн бүх хүнийг цуглуулж чаддаг юм шүү дээ. Тэгэхээр “Богдхааны энэ ордон музей” ховорын тоонд орно. Харин сан хөмрөгт хадгалж байгаа эд өлгийн зүйлээ дэлгэж, эргэлтэд оруулж байх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Монголчууд өөрсдөө үзэж танилцаж чадсан болов уу гэж бодогдсон шүү. Музейг байнгын хүнтэй байлгахад үзмэрээ сэлгэх нь чухал гэж бодож байна. Хамгийн чухал нь сурталчилгаа. Зөвхөн хадгалснаа үзүүлэх биш музейд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж хүмүүсийг татах хэрэгтэй. Хааны ордон музей гайхмаар сонин музей байна билээ шүү.

Зураг