Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 26
iKon.MN

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн танилцуулгыг хийлээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналаа нэгдсэн хуралдаанд шууд оруулахаар боллоо.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор саналуудыг дэмжлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналаа нэгдсэн хуралдаанд шууд оруулахаар санал нэгдлээ.

УИХ-ын гишүүн Я. Содбаатар, А.Тлейхан нар чуулганы нэгдсэн хуралдаанд цөөнх болохоор боллоо

Харин УИХ-ын гишүүн Я. Содбаатар, А.Тлейхан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад байнгын хороодын гишүүдийн дэмжлэг аваагүй учир чуулганы нэгдсэн хуралдаанд цөөнх болохоор шийдвэрлэлээ.