Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханд очих ёстой хаягдал төмөр хаачив

Г.Ганчимэг
2014 оны 2 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Дapxaны металлургийн үйлдвэр 10 гаруй жилийн турш барилгын салбарт хэрэгцээтэй арматурын төмөр болон бусад эд анги, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хүдрийг бутлах тээрэмд хэрэглэдэг ган бөмбөлөг хэмээх металл хийцийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн хүчин чадал нь 100 мянган тонн.

Гэвч өнөөдөр хүчин чадлынхаа 50-60 хувийг л ашиглаж байгаа юм. Монгол Улс дотоодынхоо төмөрлөгийн хэрэгцээг бүрэн хангахад Дарханы металлургийн үйлдвэр шиг 5-7 үйлдвэр хэрэгтэй болно гэдэг тооцоог судлаачид хэдийнэ гаргажээ. Тиймээс манай улсад “Хаягдал төмөр байхгүй” гэж үзээд ийм төрлийн бүтээгдэхүүн экспортлохыг төр засгийн зүгээс хориглосон.

Эхний ээлжинд Дарханы металлургийн үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, 100 мянган тонн хаягдал төмрийг хайлуулаад арматурын төмөр хийх хэрэгтэй гэж үйлдвэрлэгчид, эдийн засаг, бизнесийн салбарынхан үздэг.

Тэдний мэргэн санааг төрийн зүгээс дэмжиж төмрийн экспортод хориг тавьсан. Зургаан жилийн өмнө Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбоо энэхүү шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Тэгвэл хориг тавьснаас хойш юу өөрчлөгдөв.

Монгол дахь хятадууд цэвэр төмрөөр гулдмай шахаж гаргадаг уу?

Хаягдал төмөр авдаг түүхий эдийн цэг дээр зогсдог иргэдийн заримтай нь уулзлаа. Сүхбаатар дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн цэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг Э.Ганчимэг “Дарханы металлургийн үйлдвэрийн бүтээмж нь өсөөгүй байх.

Таван map дахь салбарын пүүн дээр зогсч байгаа ажилчид нь үнэхээр хүнд сурталтай. Өдөрт тавхан “Портер” машин төмөр авахаар тус үйлдвэрийн түүхий эд яаж хангагдах вэ” гэсэн юм.

Түүхий эд цуглуулдаг иргэд нэг кг төмрийг 130 төгрөгөөр авч байв. Энэ нь нэг тонн төмрийг тэдэнд тушаавал 130 мянган төгрөг болно гэсэн үг. Харин Таван map дахь Дарханы металлургийн үйлдвэрийн салбарт аваачиж тушаахдаа 180 мянган төгрөгөөр өгдөг гэнэ.

Ингэхдээ төмрийн зэвийн хорогдол гэж 7-10 хувийг нь суутгуулдаг аж. Очингуутаа төмрөө тушаачихгүй. Заавал хонож өнжих болдогт түүхий эд цуглуулдаг иргэд ундууцаж байна. Хотынх нь хоёр, хөдөөнөөс ирсэн хүмүүс бүр тав хонодог аж. Ингэхдээ машиндаа хонодог юм байна.

Төмрөө өөрсдөө ачиж, очоод мөн өөрсдөө буулгадаг гэнэ. Гэтэл өмнөд хөрш руу экспорт гаргадаг байх үед нэг тонныг нь 200 мянган төгрөгөөр авсан төмрөө хятадуудад 220 мянган төгрөгөөр өгдөг байжээ.

Учир нь түнш хятадууд нь хорогдол тооцож, “новширдоггүй” гэнэ. Харин одоо Дарханы металлургийн үйлдвэрийн үнийг дагаж хятадууд ч ханшаа унагаажээ.

Монголд байгаа өмнөд хөршийнхөн ихэвчлэн арматур, труба авдаг гэнэ. Үүнийх нь зорилго тодорхой буюу барилгын бүтээн байгуулалтад их хэмжээгээр хэрэглэдэг аж. Харин Багахангай, Багануур дахь хятадууд цэвэр төмрийг шахаж, гулдмай хэлбэртэй болгоод хилээр гаргадаг гэсэн явган яриа байдгийг тэдний нэг нь дуулгаж амжив.

Энэхүү албан бус мэдээллийг хэр үндэслэлтэй гэж таамаглаж байгааг хаягдал төмөр цуглуулдаг иргэдээс асуувал “Төмөр экспортлохыг хориглосон л гэдэг. Энэ нь үнэн бол томчуудтай л холбоотой хэрэг байх. Бид мэтийн жижгүүдийг хилээр гаргахаа больсон шүү дээ” гэв.

Үүнээс гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Таван шар дахь салбар хаягдал төмрийг вагоноор нь ачиж очсон бол нэг тонныг 245 мянган төгрөгөөр үнэлдэг аж. Вагоноор очсон төмрийг шууд Дархан-Уул аймаг руу явуулж, тэндээ буулгадаг юм байна.

Ж.Цэцгээ “Биднийг “Портер”-оор буюу бага хэмжээний төмөр нийлүүлдэг гээд доогуур ханш тогтоодог. Төмрийг чанараар нь ангилж үнэлдэг бол түүнийг нь хүлээн зөвшөөрч болох юм. Гэтэл адилхан чанартай хаягдал төмөрт тэгш бусаар ханш тогтоож байна. Бид ч бас Дарханы металлургийн үйлдвэрийн түүхий эдийг л нийлүүлж байгаа шүү дээ. Нааш авчирч байгаа хүмүүс ч хаа байгаа Таван map руу төмөр тэврээд гүйхгүй.

Хоёр кг төмөр авчирч өгөөд автобусны мөнгөндөө, 20 кг төмрийг тэргэн дээр түрж ирээд талх, сүүндээ залгаж байгаа хөгшчүүл олон байдаг. Тиймээс хэн хэндээ хэрэгтэй ажлыг л хийж байгаа гэж боддог юм” гэлээ. Түүний зогсдог түүхий эд буюу хаягдал төмөр, ширэм авах цэг нь нийт зургаан айлын 30 хүний амьдралыг залгуулдаг гэнэ.

Тэд чингэлгээ хүмүүсийн хөл хөдөлгөөнийг бараадуулан 32-ын тойргийн зам дагуу айлын хашаанд тавьжээ. Ингэхдээ хашааны түрээс.ийн төлбөрт сард 100 мянган төгрөг төлдөг гэнэ. Тус хашаанд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн, хөл хүндтэй эмэгтэй ч амьдарч буй юм байна.

Импортын арматурт 700 мянган “ногоон” зарцуулдаг монгол

Хаягдал төмрөөр бизнес эрхэлж буй иргэд “Монголд хаягдал төмөр байхгүй л гэнэ. Гэтэл энэ олон тээврийн хэрэгслийг харахгүй юу. Хэрэв хаягдал төмөргүй байсан бол ийм олон түүхий эд авах цэг байх боломжгүй шүү дээ. 

Тэгээд ч хаягдал төмрийн ихэнх нь хуучин машины эд байдаг. Дарханы металлургийн үйлдвэр зохион байгуулалт муутай ажиллаж байгаа юм. Хэрэв хувийн үйлдвэр байсан бол хэдийнэ “Портер” машиныг пүүн дээрээ хоёроор нь зэрэгцүүлж оруулаад төмрөө гялс буулгаад авчихаж байгаа. Хэрэв хувийн компани байсан бол ажилчид нь ч хүнд суртал гаргаж, дуугарч ядан суугаад байхгүй шүү дээ” гэлээ.

Манай улсын иргэд нэг жилд 30 мянга орчим тээврийн хэрэгслийг гадаадаас худалдан авдаг.

Замын хөдөлгөөнд 460 мянга орчим тээврийн хэрэгсэл идэвхтэй оролцож байгаа. Цаана нь албан бусаар 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл бий гэсэн статистикийг Албан журмын даатгагчдын холбооныхон гаргажээ. Харин нийслэлд хаягдал төмөр цуглуулдаг 12 мянган иргэн, аж ахуйн нэгж, 196 цэгтэй аж.

Нөгөөтэйгүүр, манай улс өмнөд хөршөөс жилд 400 мянга орчим тонн арматурын төмөр импортолдог. Энэхүү 400 мянга орчим тонн металл хийцийг импортлохдоо 700-аад мянган ам.доллар зарцуулдаг юм байна.

Харин дотооддоо буюу Дарханы металлургийн үйлдвэрт 50-60 мянган тонныг л үйлдвэрлэдэг. Үндсэндээ 500 мянган тонн арматур барилгын салбарт хэрэгтэй болдог аж.

Гэтэл жилд 6.7 сая тонн төмрийн баяжмалаа мөн л өмнөд хөршид 650 сая ам.доллараар экспортолдог гэж байгаа. Тиймээс экспортоосоо түрүүлээд Дарханы металлургын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүрэн ашиглая гэдэг судлаачдын үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргалгүй ажил хэрэг болговол ямар вэ.

Үүнээс гадна Монгол Улсад байгаа хаягдал төмөр бүгдийг Дарханыхаа металлургийн үйлдвэрт тушаах уриаг дэвшүүлчихсэн юм чинь экспортын үнээр адилхан ханштай авч болдоггүй юм уу. Эдийн засагчид ч “Үнэ нь бага гэдэг шалтгаанаар иргэдийн сонирхолыг татахгүй байгаа бол нэмэх боломж бий” гэж үзэж байна.

Хэрэв ингэвэл хашааныхаа газрыг ч өмчлөн авч чаддаггүй монгол иргэд ихээхэн хэмжээний газарт хашаа хатгачихаад “Сайн төмөр л авна” гэж том дуугардаг хятадуудад толхиулаад байхгүй шүү дээ. Харин ч монголчууд олуулаа нийлээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих биз ээ!

Зураг