ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сансрын мангас гэх хар нүхний заналхийлэл

Зууны мэдээ
2014 оны 2 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Сансрын мангас гэх хар нүхний заналхийлэл

Сансар огторгуйн хамгийн том оньсого бол яах аргагүй хар нүх. Хар нүх асар их таталцлын хүчтэй тул өчүүхэн жижиг тоосноос авахуулаад аварга том одыг хүртэл түвэггүй залгидаг, нэг ёсны сансрын мангас гэж хэлж болохоор.

Хар нүх гэрлийн туяаг хүртэл ховх сорон цаг хугацааг ч хугалж чаддаг шидтэй. Сансрын ийм нүхний ойр орчимд цаг хугацаа ердийнхөөс хэд дахин удааширдаг тухай таамаг ч байдаг.

Хар нүхийг эрдэмтэд эхэндээ коллапсар буюу сөнөсөн од гэдэг байжээ. Английн хар лам төдийгүй гайгүй сайн одон оронч Жон Митчелл аль 1783 онд сөнөсөн од хар нүх болон хувирч болох тухай онолыг анх дэвшүүлжээ.

Үүнээс олон зуун жилийн дараа 1930 онд хожим Нобелийн шагнал хүртсэн Энэтхэгийн залуу астрофизикч Субраманьян Чандрасекар цөмийн түлшээ дуусгасан од асар хурдан агшиж хөлбөмбөгөөс томгүй одой од болдог тухай онол боловсруулсан байна.

Үүний дараа Альберт Эйнштейн дэлхийн шинжлэх ухааныг орвонгоор нь эргүүлсэн алдарт харьцангуйн ерөнхий онолоо гаргаснаар хар нүх байдгийг үндсэндээ баталжээ. Эрдэмтэд түүнчлэн туршилтын аргаар коллайдер гэх төхөөрөмж дотор квантын ар нүхийг үүсгэж чадсан юм.

Сансар огторгуй үүсэхэд эхлээд аугаа тэсрэлт болсон гэж үздэг. Тэгвэл хар нүхнүүдийн зарим нь шууд тэр тэсрэлтийн дараа бий болсон гэх ба үлдсэн нь аварга оддын мөхлөөс үүдэлтэй гэгддэг байна. Физикчдийн тооцсоноор од болгон хар нүх болж хувирдаггүй, манай нараас даруй 30 дахин том од сөнөж байж л сансрын мангас үүсэх боломжтой гэнэ. Аливаа хар нүхэнд үйл явдлын хязгаар гэж байх бөгөөд тэр хязгаарыг давсан л бол ямар ч юм орчлонд буцаж гарч ирдэггүй аж.

Ихэнх эрдэмтэн хар нүх өөртөө шингэзсэц. матери, биет бүхнийг өөр газар гаргадаг гэж таамагладаг. Өөрөөр хэлбэл, хар нүхний эсрэг үйлдэлтэй цагаан нүхнүүд тэдгээрийг хүлээн авдаг байж болох гэнэ. Манай нарны аймаг оршдог Сүүн зам төдийгүй бусад огторгуйнуудын төвд нарнаас хэдэн сая дахин хүнд хар нүх байдаг тухай эрдэмтэд тогтоожээ.

Аливаа огторгуйн төвийн орчимд эргэлдэх одод хоорондын хийн хөдөлгөөнийг ажигласнаар ийм дүгнэлтэд хүрсэн аж. Огторгуйн төвд одод хоорондын хийг гагцхүү хар нүх л эргүүлэх чадвартай юм байна. Астрофизикчид ийм аргаар манайхтай хил залгаа арав гаруй огторгуйд хар нүх илрүүлээд байгаа юм.

Өнөө цагийн толгой физикч Стивен Хокингийн дэвшүүлсэн онолоор бол хар нүхнүүд ч гэсэн өөрийн настай. Тэд өөрсдөө ууршин үгүй болдог гэх. Тэд өнө мөнх биш учир эрт орой хэзээ нэгэн цагт бүх сансар огторгуйг “идэж” чадахгүй аж. Нөгөөтэйгүүр хар нүх нь өөр, асар том огторгуй руу нэвтрэх хаалга байх магадлал ихээр гарч ирсээр өнөөг хүрсэн билээ. Олон орны эрдэмтэд ийм таамаг дэвшүүлдэг ч энэ нь одоогоор нотлогдоогүй байгаа юм.

Хар нүх мэдээж ямар ч өнгөгүй тул илрүүлэхэд тун хэцүү. Түүнийг рентгений аргаар, эс бөгөөс бусад галактик, оддын хөдөлгөөнийг судлан байж илрүүлдэг юм байна. Товчдоо бол хар нүх одон орны шинжлэх ухааны хамгийн бага судлагдсан бөгөөд эрдэмтдийн хамгийн их сонирхол татдаг с.албар байсаар байна.

Мэдээж, хар нүх зэрэг сансар огторгуйн сонин зүйлийн тухай энгийн хэлээр ярих амаргүй. Харин үүнийг олон нийтэд хамгийн энгийнээр хүргэж чаддаг эрдэмтэн бол өнөөх л Стивен Хокинг. Тэрээр 1993 онд “Хар нүхнүүд болон залуу огторгуйнууд”, 2001 онд “Самрын ясан доторхи ертөнц”, 2005 онд “Огторгуйн товч түүх” зэрэг шинжлэх ухааны хялбаршуулсан маш энгийн хэллэгтэй сонирхолтой бестселлер номууддаа энэхүү хачирхалтай үзэгдлийн тухай бичсэн байдаг.

Үүнээс гадна энэ агуу эрдэмтэн зөвхөн хар нүх бус, нийт огторгуйн тухай хүн бүрт ойлгомжтой шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Стивен Хокингийн огторгуй”, “Стивен Хокингтой хамт огторгуйн гүн рүү” зэрэг цуврал баримтат киног дэлхий нийтийн хүртээл болгосон билээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, сансрын телескоп дуран Хилэнцийн оддын бөөгнөрөлөөс манай огторгуйн зүг “GRO J1655-40” нэр авсан хар нүх цагт 400 мянган км хурдтайгаар ойртож буйг тогтоожээ. Тэрхүү сансрын мангас одоогоор манай огторгуйгаас зургаан мянга гаруй гэрлийн жилийн цаана байгаа ч асар хурдан дөхөж байгаа аж. “GRO J1655-40” хар нүх хажуугийн одоо идэн биеийн жингээ хэд дахин томсгох үйл ажиллагааг ид өрнүүлж байгаа гэнэ.

Тэрхүү сансрын мангас манай огторгуйн одод, үүний дотор манай нарны аймгийг хормын дотор ховх сорон устгах бүрэн боломжтой аж. Гэхдээ тэр аймшигт заналхийлэл лав бидний насанд тохиохгүй нь сайхан мэдээ юм даа.

Зураг