Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

СГЗ Ш.Дулмаад Ардын уран зохиолч цол олгоно

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

СГЗ, зохиолч Ш.Дулмаа гуайд төрийн дээд шагнал болох Ардын уран зохиолч цол тэмдэг олгохоор болсон байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 11.40 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд болох аж.

 Ш.Дулмаа нь 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн юм.

  • 1954 онд МУИС төгссөн
  • 1958 онд ЗХУ-ын Консмолын төв сургууль төгссөн
  • 1967 онд ЗХУКН-ын дээд сургууль төгссөн
  • 1970 онд "Үүрийн цолмон", "Өглөө" номоороо МЗЭ-ийн шагнал
  • 1984 онд "Эх орон танаа өргөх дуулал", "Бүсгүй", "Цэргийн эх" шүлгээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал
  •  2007 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор тус тус шагнуулсан билээ.

Бүтээлүүд:

"Үүрийн цолмон" 1966 он
"Өглөө" 1969 он
"Халхын сайхан эрчүүд" 1971 он
"Мөнгөн хонх" 1976 он
"Мөнгөн чавхдас" 1977 он
"Нарны алтан тоос" 1981 он
"Хайрлахын заяатай орчлон" 1984 он
"Галын тэнгэр" 1988 он
"Хайрын мянган бодол" 1991 он
"Цэнхэр гараг" 1991 он
"Хайрын эгшиглэн" 1990 он
"Хунгийн нулимс" 1990 он
"Лекторыг уран чадвар" 1962 он
"Социализмын үеийн гэр бүл" 1961 он
"Алтан урсгал" роман
"Дурсан хайлах уянга 2005 он

Ш:Дулмаа: "Бүсгүй" 

Харцуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн
Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн
Хан уул шиг ноён нурууг нь түшиж
Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж
Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн
Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас,
Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь
Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь
Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,
Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү!

Хотол түмэн арддаа үйлсийн уран эзэн
Хорвоо дэлхийн цээжинд үнэнийг дуулах эгшиг
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь эх
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас.
Хүүхнүүдийн хайр, дөлгөөн харцгүй бол
Хүний орчлонгийн жаргал юу байхсан билээ
Хүүхнүүдийн халамж эхийн сэтгэл үгүй бол
Хүүхдийн зүрхэнд өлгийн дуу хэн аялахсан билээ
Эргэх хорвоод хүн болж төрөхдөө
Эхийн бүүвэйг анх сонссон үрс
Уужим гүн орчлонгийн уянгыг тэгж мэдрэхдээ
Унтахдаа хүртэл үнэгчлэн мишээдэг бус уу
Өргөө гэртээ асаасан гал голомт нь өөдрөг
Өр зүрхэндээ дээдэлсэн хайр сэтгэл нь үнэнч
Төр улсдаа өргөх үйлс нь ариун
Түмэн олондоо аялах эгшиг дуу нь уянгалаг
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн Дарь эх
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас
Мишилзэн дуниарах талимаанд нь ган төмөр ч уясах
Мэлмэрэн дуслах нулимсанд нь “галзуу” барс ч уярах
Байгаль эхээс заяатай гоо тансгийн охь
Баяр жаргалаас уяатай гоё сайхны од
Бүсгүй хүн хорвоо дэлхийн уянга
Бөхөшгүй амьдрал хайрлах хоёр “туйлын” нэг.