Канад улс Европын Холбооны “түншлэгч гишүүн” болох боломжийг судалж байгаа талаар мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Канадын ерөнхий сайд Марк Карни

Европын Холбоотой илүү нягт харилцаа тогтоохыг Канадын ерөнхий сайд Марк Карни зорьж байгаа, бүр “түншлэгч гишүүн”-ээр элсэх боломжийг судалж байгаа талаар Уоллстрит Журнал сонин Ням гарагт мэдээлжээ.

Гишүүнчлэлийн асуудалд хатуу ханддаг Европын Холбоонд одоогоор ийм гишүүнчлэлийн статус байдаггүй хэдий ч Канадтай илүү ойртон түншлэх санааг хүлээн авахад бэлэн байгааг тал талын албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлд үндэслэн тус сонин бичсэн байна.

Канад, АНУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны дайн Оттавагийн эрх баригчдыг стратегийн чиглэлээ өөрчилж, бусад түншүүдтэйгээ илүү ойртон нягтрахад хүргэж байгаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш өөрийн хойд хөрш Канадтай харилцах харилцаагаа эрс муутгасан.

Хамгийн сүүлд талууд харилцан нэг нэгнийхээ олон арван тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулаад байна.

Тэгвэл Канад болон Европын Холбоо эрчим хүч, хиймэл оюун ухаан, батлан хамгаалах, чухал ашигт малтмалын зэрэг стратегийн салбаруудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг чөлөөлөх боломжийг хэлэлцэж байгаа гэнэ.

Мөн талууд далай доогуур кабель татах, дата төв, үүлэн технологи, хиймэл дагуулын шинэ сүлжээ хамтран байгуулах, Канадын эрчим хүчийг Европын Холбоонд нийлүүлэх дэд бүтцийг бий болгох талаар хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлжээ.

Европын удирдагчдаас Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар Канадын ерөнхий сайд Марк Карнитай илүү ойр ойрхон уулзаж байгаа.

Тэд есдүгээр сарын 20-ны өдөр Атлантын далайн Канадын эрэгт ойр оршдог Францын харьяа Сэйн-Пьер ба Микелоны бүлэг арлууд дээр уулзахаар төлөвлөжээ.

Энэ уулзалт нь Канадын ерөнхий сайд түүхэндээ анх удаа эдгээр арлууд дээр хөл тавьсан тохиолдол бөгөөд “хоёр улсын бат бэх харилцааны илэрхийлэл” болж буйг Элиссейн ордноос мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters