Украины аюулаас хамгаалах газар Оросын халдлагад өртсөний дараа Зеленский ижил хариу арга хэмжээ авах үүрэг өгөв

Т.Давааням, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баасан гарагийн үдээс хойш Киев хот дахь Украины аюулаас хамгаалах газрын (СБУ) төв байр Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртжээ.

Тус улсын гадаад хэргийн яам уг халдлагыг “дайны цар хүрээг өргөжүүлсэн үйлдэл” гэж буруушаасан бол ерөнхийлөгч Володимир Зеленский “зохих ёсны, бодитой” хариу арга хэмжээ авах даалгаврыг СБУ-ын тэргүүн Александр Покладад өгсөн байна.

Орон нутгийн цагаар 15:30 цагийн үед халдлага болсон бөгөөд энэ үеэр Поклад албан өрөөндөө байгаагүй, эзгүй байжээ.

Киев хотын дарга Виталий Кличко энэ халдлагын үеэр долоон хүн шархадсан тухай мэдээлсэн байна.

Халдлагын дараа Зеленский, Поклад нар уулзаж, Оросын халдлагын эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаар хэлэлцжээ.

“Манай зэвсэгт хүчин уг хариу арга хэмжээг дэмжиж ажиллах болно” гэж Зеленский сошиал хуудсандаа бичсэн байна.

Кремлийн хэвлэлийн алба Киевт болсон халдлагын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй юм.

СБУ нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд томоохон ажиллагаанууд явуулдаг маш нууцлаг байгууллага.

Тухайлбал Украины нутаг дэвсгэрт дайны гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдсан Оросын армийн албан тушаалтнуудыг устгах нууц ажиллагааг эндээс зохион байгуулдаг гэдэг.

 

Эх сурвалж: Reuters