БЗС-гийн квотод багтсан суралцагчийн голч оноо 3.3-аас дээш бол 100 хувь тэтгэлэг олгоно

Б.Мөнхтуяа, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багш мэргэжлээр суралцах тэтгэлгийг зогсоогоогүй, харин олгох шалгуурт зарим өөрчлөлт орсныг Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас өнөөдөр мэдэгдлээ.

Засгийн газраас 2024 оноос эхлэн багш мэргэжлийн чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгож эхэлсэн. Тэтгэлгийг олгож эхэлснээс хойш одоогийн байдлаар давхардаагүй тоогоор 9,800 суралцагч хамрагдсан гэдгийг өмнө нь танилцуулсан.

Нийт 50,000 орчим багш ажилладаг энэ салбарын хэрэгцээг нь хангахуйц хэмжээнд хэрэгжсэн гэж үзсэн тул одоогоор ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөний дагуух хичээлүүдийг заахад дутагдалтай байгаа болон 2030 онд дутагдах багш мэргэжлийн хөтөлбөрүүдийг судалсан байна.

Ингэхэд

  1. математик,
  2. хими,
  3. физик,
  4. биологи,
  5. мэдээлэл зүй,
  6. монгол хэл бичиг, уран зохиол,
  7. зураг зүй, технологи,
  8. түүх,
  9. орос хэлний багш дутагдах тооцоолол гарчээ. Иймд тооцоо судалгаанд үндэслэн энэ намрын шинээр олгох квот нь энэхүү есөн хөтөлбөрт чиглэх юм. 

Мөн БЗС-гаас сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох голч дүнгийн шалгуурыг өндөрсгөж, ирж буй хичээлийн жилээс эхлэн 3-3.3 голч оноотой бол 70 хувь, 3.3-аас дээш голч оноотой бол 100 хувийн тэтгэлгийг эрэлтэй, тэргүүлэх мэргэжлээр суралцдаг, багш мэргэжлээр суралцдаг болон багш, ажилтны хүүхдэд олгохоор болжээ.