Х.Тамир: Политехник коллежид эрэлттэй, улс оронд хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэж, тэтгэлэг олгоно

П.Сайнжаргал, IKON.MN
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр политехник коллеж төгссөн 4,156 хүүхдийн материал шаардлага хангаагүй тул тэтгэлэг олгох боломжгүйг Боловсролын Ерөнхий Газрын дарга Х.Тамир хэллээ. 

Тодруулбал энэ жил мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагыг төгссөн 18 мянган суралцагчаас журмын шаардлага хангасан 11,870 хүүхдэд тэтгэлэг олгожээ.

Одоогоор 1,400 хүүхдийн материалыг хянаж, санхүүжилт олгох ажил үргэлжилж байгаа бол 4,156 төгсөгчийн материал шаардлага хангаагүй буюу тэтгэлэгт хамрагдах боломжгүй байгаа аж. 



Боловсролын Ерөнхий Газрын дарга Х.Тамир "Улсын хэмжээнд 258,000 хүүхэд СӨБ-д хамрагдаж байгаа бол 836,700 сурагч Ерөнхий Боловсролын Сургуульд хамрагдаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн сурагчдын тоо 1.1 саяд хүрсэн. 

Политехникийн коллежийн сургалтын тэтгэлгийн талаарх санал гомдлууд нэлээд ирж байгаа. Үндсэндээ 18,183 хүүхэд энэ жил мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийг төгссөн. Үүнээс 11,870 хүүхэд шаардлага хангасан тул тэтгэлгийг олгосон байгаа.

Мөн 1,400 хүүхдийн материалыг хянаад тэтгэлэг олгох ажил бэлэн болон. Харин 4,156 хүүхдийн материал шаардлага хангаагүй тул хасагдсан.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сурагчдад тэтгэлэг олгох журмыг шинэчилж байна.

Өнөөдрийн байдлаар 60 гаруй мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудын 40,000 гаруй суралцагчийг үнэ төлбөргүй төрөөс сургаж байгаа. Мөн дотуур байранд байрлах шаардлагатай сурагчдын дотуур байр, байрны хоолны төлбөрийг төрөөс хариуцаж байна.

Цаашид тэргүүлэх эрэлттэй, улс оронд хэрэгцээтэй, ажлын байранд хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэж, тэтгэлгийг тийш чиглүүлнэ.

Гарааны бизнес эрхлэх, ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх хэмжээний тэтгэлэг байдлаар сар болгон 200 мянгыг олгохоор тооцож, төгсөх үед нь

  • нэг жил сурсан бол хоёр сая,
  • 1.5 жил сурсан бол гурван сая,
  • гурван жил сурсан бол зургаан сая төгрөгийн тэтгэлгийг олгодог байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ хүрээнд хасагдсан хүүхдүүд өөрсдийн мэдээллийг сургуулиас авна. Тодруулах шаардлагатай мэдээллийг авч 1,200 гаруй хүүхдийн тэтгэлгийг олгох ажлыг хийсэн. Үүнд 5.7 тэрбум төгрөгийн нөөц хэрэгтэй. Нийтдээ 55.8 тэрбум төгрөгийг тэтгэлгээр олгож байгаа. Энэ бага мөнгө биш" гэлээ.