Бутан улсын банк, санхүүгийн төлөөлөгчид Монголын ногоон санхүүжилтийн жишиг туршлагаас судаллаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Бутан улсын Банк болон Санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсын банк санхүүгийн салбарын ногоон санхүүжилтийн туршлагаас судаллаа.   

Монгол Улс нь банкны салбартаа "Ногоон санхүүжилтийн нэгдсэн стандарт (Ногоон таксономи)"-ыг бүрэн нэвтрүүлсэн Төв болон Зүүн Азийн анхны орон юм. Мөн манай арилжааны банкнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хамгийн том сан болох "Уур амьсгалын ногоон сан (GCF)"-гаас шууд санхүүжилт авах магадлан итгэмжлэлийг авсан нь олон улсад жишиг туршлага болж байна.

Монгол Улс 2019 онд Үндэсний Ногоон таксономийг баталж, банкны салбартаа бүрэн нэвтрүүлсэн Төв болон Зүүн Азийн анхны орнуудын нэг болсон юм.

Энэ сайн туршлагаас  Бутан улс уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй банкны салбарыг хөгжүүлэх, "Уур амьсгалын ногоон сан”-гаас магадлан итгэмжлэл авах зорилгоор манай улсын практик, шийдлүүдийг судаллаа.

зураг
 
зураг
 

Бутан Улсын төлөөлөгчид Монголын Банкны Холбоо болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, ХасБанк, Хаан Банк, Голомт Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Банк санхүүгийн академи, Монголбанкны төлөөлөлтэй уулзаж, дараах гурван гол сэдвээр мэдээлэл солилцов.

  • Арилжааны банкуудын сайн дурын нэгдэл: Монголын банкууд байгаль орчинд ээлтэй бизнес, төслийг хэрхэн дэмжиж, "Тогтвортой санхүүжилтийн санаачилга"-ыг салбарын хэмжээнд сайн дураараа хамтран хэрэгжүүлж ирсэн замналтай танилцах.
  • Олон улсын сангаас санхүүжилт татах туршлага: Уур амьсгалын ногоон сан (GCF)-гаас магадлан итгэмжлэл авах бэлтгэлийг хэрхэн хангасан, шаардлагатай стандартуудыг хэрхэн нэвтрүүлсэн болон магадлан итгэмжлэгдсэний дараа ногоон төслүүдийг хэрхэн санхүүжүүлж байгаа практик үйл явцтай танилцах.
  • Жендэрт суурилсан санхүүжилт: Банкны зээлийн бүтээгдэхүүн болон дотоод бодлогод эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн, жендэрийн мэдрэмжтэй шалгууруудыг хэрхэн нэвтрүүлж буй сайн туршлагыг судлах.

 Энэхүү уулзалтууд  нь Монгол Улсын банкны салбар ногоон болон тогтвортой санхүүжилтээр бүс нутагтаа түүчээлэгч гэдгийг батлан харуулж байгаа бөгөөд хоёр улсын цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавьж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.