П.Зохихсүрэн: БЗС-гаас төлбөрийг нь хариуцдаг оюутнуудын хичээл сонголтыг хийлгэх, төлбөр нэхэхгүй байхыг чиглэл болгосон

Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын салбарт төрөөс олгодог тэтгэлэг, хөнгөлөлтэй зээл, тэтгэмжийн талаар Боловсролын Яам болон түүний харьяа агентлагуудын удирдлага өнөөдөр нэгдсэн мэдээлэл өглөө.

Тухайлбал Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас 2026 оны эхний хагаст 1-6 сард квотод багтсан суралцагчдын санхүүжилтийг бүрэн олгосон гэв. Гэвч квотод багтаагүй ч Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шалгуур шаардлагыг хангасан 6,800 гаруй суралцагчийн асуудал үүссэн. Үүнээс 2,700 суралцагчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа БЗС-гийн захирал П.Зохихсүрэн танилцуулав.

Тэрбээр "Хамгийн бэрхшээлтэй байгаа нь хяналтын тоо буюу квотод багтаагүй суралцагчдын эрх ашгийн асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэх шаардлагатай байгаа.

Иймд 

  • Өнгөрсөн хичээлийн жилийн хаврын улирал буюу 2026 оны 1-6 дугаар сард суралцаж байсан, квотод багтаагүй багш, ажилтны нэг хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг шийдвэрлэхээр Боловсролын Яамнаас өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна. Багш, ажилтны нэг хүүхдэд тэтгэлэг олгоход 506 суралцагчийн 1.45 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэнэ.
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангах, мөн орон нутагт суралцдаг оюутнуудыг дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр орон нутгийн их, дээд сургуульд суралцдаг болон багш мэргэжлээр суралцаж байгаа 1,692 суралцагч өнгөрсөн хавар тэтгэлгээ авч чадаагүй байсан. Эдгээр суралцагчийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БЗС-гаас олгохоор болсон.
  • 2026 онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн санхүүжилт 0.9 тэрбум төгрөгийг БЗС-гаас олгохоор шийдвэрлэсэн" хэмээв.
Гэвч хаврын сургалтын төлбөрөө төлөөгүй байгаагаас үүдэн намрын хичээл сонгуулахгүй гэх асуудал гарч байгааг хэрхэн шийдэх талаар түүнээс тодруулахад "Эдгээр суралцагчийн төлбөрийг БЗС-гаас хариуцаж байгаа учраас хичээл сонголтыг нь хийлгэх, төлбөр нэхэхгүй байхыг Боловсролын сайд их сургуулиудад чиглэл болгон хүргүүлсэн" гэлээ.