Трампын санаачилсан Газын энх тайвны төлөвлөгөөг хүлээж авахгүйгээ Нетаньяху мэдэгдэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилж, Палестины зэвсэгт байгууллага Хамасын дэмжсэн Газын зурваст энх тайван тогтоох төлөвлөгөөг эсэргүүцэж, хүлээж авахаас татгалзаж байгаагаа Ням гарагт Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгджээ.
Сүүлийн долоо хоног гаруй хугацаанд тэр энэхүү төлөвлөгөөний талаар шүүмжлэлээ аажмаар эрчимжүүлсээр ийнхүү эцэст нь эрс татгалзаж байна. Долдугаар сарын сүүлээр Хамас байгууллага уг төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн юм.
“Израиль улс 15 зүйлтэй баримт бичгийг эсэргүүцэж байна” гэж Нетаньяху өчигдөр засгийн газрынхаа хуралдааны үеэр хэлжээ.
“Хамасыг үнэхээр зэвсэггүй болох хүртэл манай цэрэг Газаас гарахгүй бөгөөд манай иргэдийн эсрэг аюул заналхийллийг үргэлжлүүлэн зогсоосоор байх болно” гэж тэр хэлсэн байна.
Газын тохиролцоог Трамп тус бүс нутагт энх тайван тогтоох түүхэн чухал үйл явдал гэж тодорхойлж байгаа ч ийнхүү холбоотныхоо дэмжлэгийг авч чадсангүй.
Нетаньяху ч бас Трампыг “Цагаан ордон дахь манай хамгийн сайн найз” гэж магтаж байсан боловч санаачилгыг нь дэмжсэнгүй.
“Тэдэнд заримыг нь зөвшөөрч болох, заримыг нь зөвшөөрч болмооргүй саналууд бий. Бид эдгээр асуудлууд дээр байр сууриа хэрхэн хамгаалахыг мэдэж байна” гэж Нетаньяху хэлжээ.
Израилийн түүхэнд хамгийн удаан ерөнхий сайдаар ажилласан Нетаньяхугийн хувьд аравдугаар сарын 27-ны өдөр болох сонгууль томоохон сорилт болох гэж байгаа.
Санал асуулгуудын дүнгээс үзвэл тэр зарим дээр нь өрсөлдөгчдөөсөө хоцорч, зарим дээр нь ойролцоо яваа.
2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр эхэлсэн Газын дайнаас хойших анхны сонгууль болох гэж байна.
Эрх баригч намын үндсэрхэг үзэлтнүүдийн жигүүр Трампын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Нетаньяхуд дарамт учруулж буй бололтой.
Төлөвлөгөөг хэрэгжүүлж буй Трампын Энх Тайвны Зөвлөл гэгч байгууллагын тэргүүн Николай Младенов “Өнөөдөр бидний санал болгож буй зүйл бол аравдугаар сарын 7-ны эмгэнэлт явдал дахин давтагдахгүй байх цорын ганц арга зам юм” гэж хэвлэлд ярихдаа мэдэгджээ.
Хамас бүх зэвсгээ хураалгах хүртэл Израиль улс ямар ч үүрэг хүлээхгүй, гэхдээ эцэст нь Газын зурвасаас цэргээ гаргах шаардлагатай болохыг тэр тайлбарласан байна.
Младенов дараагийн уулзалт дээр Израиль улс төлөвлөгөөг нь дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Харин шинэ удирдлага нь Трампын төлөвлөгөөг дэмжсэн Хамас байгууллагын төлөөлөгч Израиль улсыг шахахыг Вашингтонд уриалсан байна.
“Бид зуучлагчид болон Америкийн батлан даагч нар Нетаньяху болон түүний засгийн газрыг шахаж, дотоод улс төрийн болон сонгуулийн шалтгаанаар үйл явцыг саатуулахгүй байхыг шаардана гэдэгт найдаж байна” гэж Хамаын улс төрийн товчооны гишүүн Бассем Наим саяхан хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
