АНУ-ын саналд өгсөн Ираны хариуг Трамп “бүхэлд нь хүлээн авах боломжгүй” гэж дүгнэлээ

Т.Давааням, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын мөргөлдөөнийг бүрмөсөн зогсоох асуудлаар АНУ-ын тавьсан сүүлийн саналд Ираны эрх баригчид хариу өгсөн ч ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг “бүхэлд нь хүлээн авах боломжгүй” гэж дүгнэжээ. Тэрбээр ямар хариу ирсэн талаар дэлгэрүүлж мэдээлээгүй байна.

Ираны тал Ливаныг оролцуулаад бүх фронт дээр дайныг зогсоох, ачаа тээврийн аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг хариу санал АНУ-д тавьсныг Тегераны төв телевиз мэдээлжээ.

Харин Трампын засаг захиргааны сүүлийн саналд дайныг зогсоох, Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах нөхцөлүүдийг тусгасан гэсэн мэдээлэл бий.

Ням гарагийн өглөө Трамп сошиал хуудсандаа АНУ-аар сүүлийн 50 орчим жил “тоглож байгаа” Тегераны эрх баригчдыг шүүмжлээд “Тэд цаашдаа удаан инээж баясахгүй!” гэж анхааруулсан юм.

Дайн эхэлсэн цагаас хойш олон нийтийн өмнө ил гараагүй байгаа Ираны дээд удирдагч Можтаба Хамени саяхан зэвсэгт хүчний командлагч нартайгаа уулзахдаа “дайныг үргэлжлүүлэх, дайсны хүчийг няцаахад бэлэн байх шинэ зааварчилгаа” өгсөн тухай тус улсын төв телевиз Ням гарагт мэдээлсэн байна.

АНУ, Ираны гал зогсоох тохиролцоо хүчинтэй хэвээр байгаа ч өчигдөр Катар, Арабын Нэгдсэн Эмират улсуудын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоц нэвтэрсний улмаас бага хэмжээний гал гарчээ.

Кувейт улс бас агаарын орон зайд нь Ираны дрон нэвтэрснийг баталсан байна.

Хэрвээ Ираны эрх баригчид тавьсан саналыг нь хүлээж авахгүй бол АНУ бөмбөгдөлтөө үргэлжлүүлэхийг Трамп өмнө нь анхааруулж байсан.

Тиймээс ойрын үед дайн дахин сэргэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Ормузын хоолойг Ираны тал хаасны хариуд АНУ-ын тэнгисийн хөлгүүд дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн хоолойн гадна талыг бүслэн хааж, Ираны боомтуудтай холбоотой хөлгүүдийн хөдөлгөөнийг хориод байгаа.

Өнгөрсөн хугацаанд Ираны боомтуудаас гарсан 61 ачааны хөлгийг буцааж, дөрвөн хөлгийг устгаснаа АНУ-ын зэвсэгт хүчний командлал сүүлийн байдлаар мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press