Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Санаа дагаад ч юм уу өнөөдрөөс утаа багасаад эхэлсэн байна

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайдын 30 минут уулзалт

- “ЕРӨНХИЙ САЙДЫН 30 МИНУТ”, ОНЦЛОХ 12 ХАРИУЛТ -

Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг 30 минутын уулзалт боллоо. Өнөөдрийн уулзалтын эхэнд Ерөнхий сайд үйлдвэржилтийг дэмжих бодлогын хүрээнд иргэдээс авсан төсөл хөтөлбөрүүдэд хийсэн урьдчилсан дүн шинжилгээг танилцууллаа. 

Чингис бондын үлдэгдэл 360 тэрбум төгрөг, Самурай бондын 300 орчим тэрбум төгрөг, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих 270 тэрбум төгрөг гээд Засгийн газар энэ онд нэг их наяд орчим төгрөгийг үйлдвэржилтэд санхүүжүүлэхээ зарлаад байгаа. 

Засгийн газарт иргэдээс нийт 1151 төсөл ирсэн байна. Эдгээр төслийн нийт үнийн санал 9,8 их наяд төгрөг байх тооцоо гарчээ. 

Бүтцээр нь үзвэл импортын бүтээгдэхүүнийг орлох нийт 899 төсөл, экспортыг нэмэгдүүлэх 77 төсөл ирсэн бол үлдсэн нь тодорхой бус саналууд байжээ. 

Ирүүлсэн нийт төслийн хамгийн өндөр үнэтэй нь 650 тэрбум төгрөг байсан бол хамгийн бага үнийн саналтай нь 8,2 сая төгрөгний үйлдвэрлэлийн төсөл байна. 

Хөгжлийн банк толгойлж дээрх төслүүдийн сонгон шалгаруулалт дээр ажиллаж эхэлсэн байна. 

Сонгон шалгаруулалтын ажлын явцыг Ерөнхий сайд долоо хоног бүр мэдээлэх ажээ. 

1151 төслийн жагсаалтыг энд дарж үзэх боломжтой. 

Энэхүү мэдээллийн дараагаар Н.Алтанхуяг сэтгүүлдчийн сонирхсон асуултад хариуллаа. 

Ерөнхий сайдын зөвхөн хариултуудыг товчилж хүргэвэл:

  1.  Цалин тэтгэврийг энэ жил нэмнэ. Гэхдээ хэзээ яаж гэдгээ зарлахгүйгээр хийх зарчмын байр суурь хэвээрээ байна. Цалин 94, тэтгэврийг 114 тэрбум төгрөгөөр нэмэхээр төсөвлөөд байгаа билээ.
  2. Нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн нь миний мэдэх асуудал биш. Нийслэл шийднэ.
  3. Архины үнэ нэмэгдвэл нэмэгдэнэ л биз.
  4. Утаа буурсангүй гэж иргэд рүү буруу чихээгүй. Энэ утааг бууруулахад бүх хүний оролцоо чухал. Аль аль талдаа хариуцлагатай байх ёстой гэдгийг тодорхой болгосон. 
  5. Утаагүй зуухыг хэрхэн галлах талаар би хэлсэн. Энэ тийм жижиг зүйл биш. Уламжлалт сэтгэлгээгээр манай иргэд эхлээд мод, цаас, нүүрс гэсэн дарааллаар галаа асааж байна. Харин эсрэгээр нь нүүрс, мод, цаас гэсэн дарааллаар хийх ёстой. 
  6. Санаагаар болсон ч юм уу өнөөдөр утаа эрс багассан ч юм шиг санагдаж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын бүх өрх нэг, цаг, минутанд зэрэг зөв дарааллаар галлаж үзэх туршилт хийсэн ч болж байна. 
  7.  Утааг бууруулах 10 –аад ажил төлөвлөөд байгаа. Жишээ нь байгалийн гаралтай утаа бага гаргадаг нүүрсийг ашиглах асуудал хүртэл яригдаж байна. 
  8. Өглөө болгон утааны асуудал сонсч байгаа. 
  9. Утааны хэмжээг хянадаг ухаалаг гар утасны програм зохионо. 
  10. Валютын ханшийн өсөлтийн эсрэг Засгийн газар үйлдвэржилтийг дэмжиж л тэмцэнэ. 
  11. Аймаг бүрт шинээр орон сууц энэ жил барих ажилд 150 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж байгаа.
  12. Дэд бүтцэд холбогдсон газар амины орон сууц барихад найман хувийн зээлд хамрагдах боломжийг судалж байна.