Африкийн цомд түрүүлсэн Сенегалын амжилтыг хүчингүйд тооцов
Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Африкийн цомын тэмцээний шигшээд Сенегалын баг Марокког 1:0-ээр ялснаар түүхэндээ хоёр дахь удаагаа тивийнхээ аваргаар тодорсон билээ.
Тэгвэл Африкийн хөлбөмбөгийн удирдах байгууллагын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр энэ амжилтыг нь хүчингүйд тооцов.
Учир нь шигшээ тоглолтын үеэр Сенегалын хөлбөмбөгчид шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд талбайг орхиж гарсны улмаас 17 минут завсарласан юм. Тэд багийн ахлагч Садио Манэгийн ятгалгаар тоглолтыг үргэлжлүүлсэн.
Улмаар Брахим Диаз торгуулийн цохилтоо алдаж, нэмэлт цагт Сенегал хожлын ганц гоолыг оруулснаар цом өргөсөн юм.
Мароккогийн хөлбөмбөгийн холбоо өрсөлдөгчийнхөө талбайг чөлөөлсөн үйлдэл нь дүрэм зөрчсөн гэж гомдол гаргасан аж.
Африкийн Хөлбөмбөгийн Холбоо уг шийдвэрийг гаргахдаа дүрмийн 82 болон 84 дүгээр заалтад тодорхой дурдсаныг баримталжээ. Тодруулбал 82 дугаар зүйлд "шүүгчийн зөвшөөрөлгүй үндсэн цаг дуусахаас өмнө тоглохоос татгалзсан эсвэл талбайг орхисон тохиолдолд тухайн багийг хожигдсонд тооцож, тэмцээнээс хасна" гэсэн бол 84 дүгээр зүйлд "Дээрх дүрмийг зөрчсөн бол тухайн багийг 3:0-ээр хожигдсон гэж үзнэ" гэж заажээ.
Холбооны удирдах байгууллагын дэргэдэх зөвлөл уг шийдвэрийг гаргахдаа багуудын гаргасан амжилтыг эсэргүүцэх зорилго агуулаагүйгээ тодотгоод тэмцээний дүрмийг хэрэгжүүлсэн гэв.
Сенегалын хөлбөмбөгийн холбоо энэ асуудлаар тайлбар хийгээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
