Газрын дундад тэнгист эзэнгүй хөвж яваа Оросын ачааны хөлөг хэзээ мөдгүй дэлбэрч болзошгүйг Итали улс анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шингэрүүлсэн байгалийн хий ачсан Оросын сүүдрийн флотын хөлөг Газар дундын тэнгист жолоодлогогүй хөвж яваа нь хэзээ мөдгүй дэлбэрч, “экологийн томоохон гамшиг” үүсгэж болзошгүйг Италийн эрх баригчид анхааруулжээ.

Европын Зөвлөлд арга хэмжээ авахыг шаардсан захидлыг Европын Холбооны есөн гишүүн улс хамтран бичсэн байна.

Тэдний нэг болох Итали улсын засгийн газрын албан тушаалтан “Арктик Метагаз” хөлгийг дэлбэрэх цагаа хүлээж буй “байгаль орчны бөмбөг” гэж тодорхойлжээ.

Тус хөлөг энэ сарын эхээр Мальта улсын эргийн ойролцоо зорчиж байхдаа нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, ноцтой гэмтсэн юм.

Оросын тал уг халдлагад Украиныг буруутгасан ч Киевийн эрх баригчид одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Халдлагын үеэр Ливи улсын эргийн хамгаалалтын албаныхан хөлгийн багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Одоо “Арктик Метагаз” хөлөг Италийн хяналтын бүсээс гарч, Ливи улсын зүгт хөвж байгаа. Итали, Мальта улсын албаныхан хөлгийн хөдөлгөөнийг тасралтгүй хянаж байна.

Радио 24 сувгаар ярихдаа Италийн сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Альфредо Мантовано хөлөг хэзээ ч хамаагүй дэлбэрэх эрсдэлтэй байгааг хэлээд учруулах хохирлын хэмжээг “асар их” гэж тодорхойлжээ.

Италийн албаны эх сурвалжууд хөлөг их хэмжээний шингэрүүлсэн хийгээс гадна 450 тонн түлшний тос, 250 тонн дизель тээвэрлэж яваа гэж үзэж байна.

Мягмар гарагийн үдээс хойших байдлаар тус хөлөг Италийн хяналтын тэнгисийн бүсээс 83 км орчим зайд хөвж байжээ.

“Арктик Метагаз” хөлөг хоёрдугаар сард Оросын Мурманск боомтоос гарсан юм байна.

 

Эх сурвалж: BBC