Нийтийн тээврийн орлого нэмэгдсэн гэж буй ч автобусны хүлээгдэл их, иргэд чихцэлдэж явдаг байдал үргэлжилсээр байна
Нийтийн тээврийн автобусны орлого сүүлийн нэг жил гаруйн хугацаанд нэмэгджээ.
Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Г.Билгүүн “Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликэйшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлдэг болсон. Ингэснээр 2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдсэн.
Харин энэ оны эхний хоёр сарыг өмнө жилийн мөн үетэй харьцуулахад орлого 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчийн тоо 8.5 хувиар нэмэгдсэн тооцоотой байна.
Төлбөрийн энэхүү систем нь зөвхөн орлого төвлөрүүлэхээс гадна нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Мөн зорчигчдын талаар тоон мэдээлэл, үйлчилгээ явуулж буй ААН болон жолоочийн гүйцэтгэлийн тайлан зэргийг нэгтгэж гаргадаг юм.
Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих зарчим буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
