Сингапур улсын 2025 оны төсвийн тэнцэл 15.1 тэрбум сингапур долларын ($12 тэрбум) ашигтай гарахаар байгааг тус улсын ерөнхий сайд мэдээлжээ.
Энэ нь анх төлөвлөж байсан 6.8 тэрбум сингапур доллароос хоёр дахин их, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.
Сонирхуулахад Монгол улсын 2025 оны төсвийн хэмжээ $9.8 тэрбум орчим байсан.
Сингапурын ерөнхий сайд Лоренс Вонг өчигдөр буюу Пүрэв гарагт парламентад тавьсан жил тутмын төсвийн илтгэлдээ энэ тоо баримтыг дурджээ.
Тус улсын төсвийн орлого нь аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, хөрөнгийн татвар, тээврийн хэрэгслийн квотын шимтгэл хураамж зэргээс голлон бүрдсэн байна.
2026 оны санхүүгийн жилд төсөв нь 8.5 тэрбум сингапур долларын ашигтай байх төлөвтэйг Вонг бас мэдээлжээ.
Мөн Сингапурын засгийн газар өнгөрсөн онд иргэдийнхээ амьжиргааны дарамтыг хөнгөлөх зорилгоор өрх бүрд 800 сингапур доллар тарааж байсан бол энэ онд 500 доллар тараахаар төлөвлөж буйг мэдээлсэн байна.
Тус улсын батлан хамгаалах төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьтай тэнцсэн хэвээр байх ч шаардлагатай тохиолдолд өсгөх бэлтгэлтэй байх ёстойг Вонг хууль тогтоогчдод анхааруулжээ.
Мөн кибер аюулгүй байдал, хиймэл оюуны технологийн хөрөнгө оруулалтыг энэ онд нэлээд өсгөх төлөвлөгөөтэй байгааг мэдээлсэн байна.
Энэ зорилгоор хиймэл оюуны бодлогыг тодорхойлох “National AI Council” хэмээх байгууллагыг шинээр үүсгэн байгуулж, ерөнхий сайд өөрөө даргалахаар болжээ.
Сингапур улс хиймэл оюуны хүчийг түлхүү ашиглах дөрвөн салбарыг сонгосон нь дэвшилтэт аж үйлдвэр, харилцаа холбоо, банк санхүү, эрүүл мэнд болсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!