Уншиж байна ...

Б.Даваадорж: Машины загварыг анх цаасан дээр зурснаас хойш хэрэглэгчийн гарт очиход ойролцоогоор таван жил болдог

ikon.mn
1 цаг 30 минутын өмнө
IKON.MN
зураг
 

"Хятадын машины трэнд түргэн нэвтэрч, Тоёота авах мөнгөөр Мерседесийн тав тухыг хүртээмжтэй болгож байна"

Монгол Улсад автомашин, түүний эд ангийг үйлдвэрлэдэггүй, угсардаггүй, зохион бүтээдэггүй хэдий ч энэ салбарт, тэгэхдээ хилийн чанадад ажилладаг монголчуудын сураг дуулддаг. Тэдгээрийн нэг Германы "Audi" компанийн АНУ-ын Лос-Анжелес дахь салбарын дизайнер Б.Даваадоржтой цахимаар ярилцлаа.

-Эхлээд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Баттөгсийн Даваадорж гэдэг. Одоо 25 нас хүрч байна. АНУ-ын Калифорни муж Лос-Анжелос хотод “Audi” компанийн салбарт автомашины дизайнер, хажуугаар 3D рендер, компьютер графикийн төрлөөр ажилладаг. Рендер, компьютер графикийг ажлынхаа үр дүнг танилцуулахад ашигладаг. Цаасан дээр зурсан зургийг инженерийн шаардлагад нийцүүлэн 3D модель болгодог. Тэрхүү загвар нь бодит амьдрал дээр яаж харагдах, хэрхэн хэрэгжихийг харьцуулан үзэх, үнэлэхэд маш том дөхөм болдог.

-Хүмүүс ажил мэргэжлээ өөр өөрийнхөөрөө сонгодог. Автомашины загвар дизайн, тэр тусмаа зохион бүтээнэ гэдэг бол манайд өргөн дэлгэрсэн асуудал биш. Тэгвэл чамд хэн нэгэн нөлөөлөв үү эсвэл тохиолдлоор энэ мэргэжлийг сонгосон уу? 

-Хамгийн анхны сэдэл нь надад 8-9 настай байхад төрсөн. Тэр үед аав маань "Цахим цагаан толгой"  гэдэг CD авчирч, түүн дээр хүүхэд усны хоёр тэргийг холбож, уулын уруу түрж машин болгож тоглодог тухай гардаг нь маш сонирхолтой санагдаж, иймэрхүүгээр машин хийвэл гоё юм байна гэсэн бодол хамгийн анх толгойд орж ирсэн. Түүнээс хойш дэвтрийнхээ хуудсан дээр олон удаа машин зурсан. Тэгээд наймдугаар ангид ороход архитектор ах маань “Нөхөр минь чи мэргэжлээ яах гээд байна вэ” гэж асуухад багаасаа машинд дуртай байсан болохоор “Машины чиглэлээр явна” гэж хэлэхэд, “Тэгвэл одооноос бэлд, машиныг жинхэнээсээ зурж эхэл” гэж зөвлөсөн. Тэр үед зурсан зургуудаасаа заримыг хадгалсан, авч явдаг. Ингээд 8–12-р анги хүртлээ тасралтгүй элдэв машин зурж, үүгээрээ их сургуульд элсэхэд бэлтгэсэн гэж хэлж болно.

зураг
 

-Автомашины үйлдвэрлэл дотроо олон салбар, чиглэлтэй байж таарна. Мотор, хийц, эд анги, инженерчлэл, зохион бүтээлт гэх мэт?

-Эхэндээ ийм олон мэргэжил байдгийг сайн ялгаж салгахгүй, ерөнхийдөө инженерийн мэргэжил гэж ойлгож явсан. Харин явцын дунд машины гадаад дүр төрх, загвар нь маш чухал, тэр бүх ажлын үр дүнг илэрхийлдэг болохыг ухаарч, тэр нь надад илүү сонирхолтой санагдсан. Энэ бүхэн урлаг, гоо зүйтэй нягт холбоотой гэдгийг мэдэрсэн. Ингээд тэр чиглэлийг сонгож суралцахаар шийдсэн.

-Монголд автомашины талын мэргэжил эзэмших боломж бараг үгүй байх. Гэхдээ загвар дизайн талаасаа дөхүүлээд сурах боломж байсан уу?

-Тухайн үедээ судалж үзэхэд боломж бараг байгаагүй. Тэгээд интернэтээр энэ чиглэлээр хамгийн шилдэг сургууль хаана байдаг вэ гэж хайж эхлээд “Art Center College of Design” гэдэг сургууль Калифорнид байдгийг, олон шилдэг дизайнер түүнийг төгссөн болохыг олж мэдсэн. Тийшээ элсвэл автомашины сайн дизайнер болох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж Америкт суралцана гэдэг хэцүү, эргэлзсэн үе бий. Эцэст нь зориг гарган шийдэж, англи хэлээ сайжруулж, машины зургийг төрөл бүрээр зурах зэргээр их хичээсэн. Ингээд олон янзын шалгууруудыг давж элссэн дээ.

-Монголд ямар сургууль төгссөн билээ?

-2019 оны хавар “Орчлон” сургуулийг төгсөөд Америк явсан.

-Америк суралцахын тулд өөр олон сургуулиас сонгосон уу эсвэл зөвхөн энэ сургуулийг олоод онилоод элссэн үү?

-Тэгсэн. Өөр сургуульд элсэх өргөдөл өгөөгүй, зөвхөн энэ сургуульд элсэхийг зорьсон.   

-Насан туршийн мэргэжлээ сонгож байгаа хүний хувьд олон янзаар эргэцүүлж бодсон байх. Монголд мэдээж машин үйлдвэрлэдэггүй, хэзээ нэгэн цагт машин үйлдвэрлэдэг болно гэхэд ирээдүйн асуудал. Чи нэгэнт ийм мэргэжил сонгосон бол төгсөөд Монголд биш Америкт эсвэл өөр оронд, ямар ч байсан гадаадад ажиллаж амьдарна гэдгээ ухаарч, хүлээн зөвшөөрсөн байсан уу?

-Яг тийм. Эхэндээ янз бүрээр боддог байсан. Дараа нь нэгэнт элсэж чадсан юм чинь гээд шулуудсан. Аз хийморь ивээсэн. Яг судлаад үзэх юм бол автомашины дизайнер гэдэг бол Монголд гэлтгүй олон улсад цөөхөн ажлын байртай мэргэжил шүү дээ. Гол төлөв Америк, Японд бас Европт хэсэгхэн ажлын байр байдаг гэж хэлж болно.

-Сургуульдаа хэрхэн суралцаж байв?

-2019 оны намар сургуульдаа элсээд нэг семестр суралцаж соёлын шок хараахан гараагүй байтал коронавирус гарч бүх юм онлайн болсон. Компанид дадлагын ажил хийх, дараа ажилд орох энэ тэр эргэлзээтэй болж бүх юм хэцүүдсэн үе байлаа. Гэхдээ 2023 онд төгсөхөөсөө нэг семестрийн өмнө энэ компанид дадлагын ажилтнаар ороод байтал намайг ажилд орохыг санал болгосон доо.

зураг
 

-Танай сургуульд өөр Монгол оюутан сурч байсан уу?

-Урьд нь нэг монгол суралцаж байсан. Гэхдээ энэ мэргэжлээр бол ажиллаагүй байх.

-Чиний мэргэжлийн нэр?

-Transportation Design буюу нь монголоор бол машины дизайнер гэхэд болно.

-"Audi" бол Германы автомашины том компани. Харин америкийн зах зээлд, тэр тусмаа Калифорнид үйл ажиллагаа явуулдаг нь ямар учиртай вэ?

-Америкт байдгийн учир нь зах зээлдээ ойрхон байж судалгаа, зохион бүтээх үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. 

-Америкт "Audi" машины үйлдвэртэй юу?

-"Audi" бол Volkswagen гэдэг том групп компанийн бүрэлдэхүүнд ордог. Volkswagen-ны үйлдвэрүүд Америкт байдаг. Тэнд "Audi"-гийн зарим загварыг үйлдвэрлэдэг.

-Америкийн автомашины үйлдвэрүүд Детройт гэхчлэн төвлөрдөг гэж уншсан. Танай дизайны студи Лос-Анжелест байрладаг учир нь?

-Лос Анжелес бол маш олон хүн амтай, олон соёл шингэсэн газар. Энэ утгаараа Америкийг төлөөлүүлэн мэдэрч судлах боломжтой. Энд Toyota, Honda, Hyundai, GM-ийн дизайны студиүд байгаа.

Ингэхлээр Калифорни бол автомашины дизайны төв гэж хэлж болно. Холливуд түүнийг дагаад олны анхаарал татсан одуудын хувцаслалт, гоё шилдэг загвар, тансаг зэрэглэлийн автомашин гээд бүгд төвлөрсөн, бүтээж сэтгэхэд сайнаар нөлөөлдөг өвөрмөц орчин. Нэмж хэлэхэд цаг агаар таатай.

-Автомашины дизайны чиглэлээр Францын Reno-д ажилладаг монгол залуугийн сураг байдаг. Түүнийг мэдэх үү?

-Рено-д ажилладаг ахтай нэг удаа харилцаж байсан, сайн танил биш. Энэ чиглэлээр ажилладаг Монгол хүнийг өөр мэдэхгүй. Хэрвээ өөр хүн байгаа бол нийгмийн сүлжээгээрээ амархан олж мэдэгдэнэ.

-Өнгөрсөн хугацаанд юун дээр ажиллав. Цаашид ямар зорилготой, аль чиглэлээр ажиллах вэ?

-"Audi"-гийн сүүлийн хоёр концепт загвар дээр ажилласан. Эдгээр нь шууд үйлдвэрлэх зориулалттай биш, дараа үеийн автомашины төсөөлөл, загвар юм. Нэг нь 2023 онд танилцуулагдсан Audi Activesphere Concept, нөгөө нь 2025 онд танилцуулагдсан Audi Concept C дээр ажилласан. Үүгээрээ Германд байгаа студитэй өрсөлдсөн. Компани дотроо өрсөлдсөн гэсэн үг. Манай загварууд батлагдсан.

зураг
 

-Шинээр гаргасан загвар дизайн машин болохын тулд нэлээд хугацаа ордог байх?

-Машины загварыг анх цаасан дээр зурснаас хойш хэрэглэгчийн гарт очиход ойролцоогоор таван жил болдог гэж үздэг. Харин одоо хятадын автомашины дизайн бараг 1-2 жилийн дараа хэрэглэгчдэд хүрч байна. Тиймээс Хятадын машинууд дэлхийд маш өрсөлдөхүйц болсон.

-Бүдүүлэг асуулт байж магадгүй. Эхлээд машины загварыг зураад бусад эд ангийг зохион бүтээдэг үү эсвэл мотор нь ийм тийм байна гэсэн урьдчилсан даалгаврын дагуу дизайн зохиодог уу. Аль нь түрүүлдэг вэ?

-Хамгийн анхны загварыг инженер гаргаж ирдэг. Машин гэдэг нь маш олон эд анги хэсгээс бүрддэг. Тэр болгонд захирагдана, өөрчлөөд байх боломжгүй. Машин нь бат бөх байх ёстой, мөн мөргөлдсөн үед аюулгүй байх гэх мэтээр тал талын шаардлага тавигдана. Ийм учраас инженерийн зураг гарна. Тэд нэг ёсондоо арга ясыг гаргаж өгөхөд дизайнер баримал болгон бүтээж байгаатай төстэй.

-Одоо автомашины дизайны талаар ярилцъя. Ийм тийм загвартай байвал сайн гэж үзээд зохион бүтээж үйлдвэрлэдэг, тэр нь хэсэг хугацааны дараа өөр харагддаг байх. Тэгвэл машины загвар сайн, муу гэдгийн шалгуур юу юм бэ? Хувцасны хэв загвар шиг улс орнуудын онцлог байна уу. Америк, Европ, Япон, Хятад машины загварын онцлогийг хэлж болох уу?

-Автомашины загварын тухайд улс орны өөрийнх нь онцлог маш том нөлөөтэй. Жишээлбэл, Европын машинууд харьцангуй жижиг. Энэ нь олон хүчин зүйл, тэр дундаа газар нутгаас хамаардаг. Тэгвэл америк машинууд том талдаа. Трак гэх мэт. Хятадууд бас өөрсдийн өнцгийг гаргаж байна. Тэр үеийн сайн машин одоо өөр харагдах ч юм уу. Ер нь гоё сайхан машин гэдэг хүндээ байдаг болов уу. Манай дизайнерууд хүртэл өөр өөрөөр хардаг. Олонд таалагддаг машин ч гэж байна. Өнөөдөр автомашины загварууд трэнд их дагаж байгаа. Нэг хэсэг цахилгаан машин гэж байгаад тэр нь буурч бензин машин руугаа хандаж байх шиг. 2050 онд бүх машинууд цахилгаан болно гэснээсээ буцацгааж байх шиг. Бас улс төрийн тоглолтууд нөлөөлж Америк гэхэд хятад машиныг оруулахгүй гэж байна. Бүгд бие биеэсээ ялгарч өрсөлдөхийн тулд шинийг гаргахын төлөө явж байна. 

-Автомашины загвар ямар байх талаар танай мэргэжлийн хүмүүсийн дунд эрс тэс зөрчилдөөн байдаг уу. Ийм тохиолдолд хэрхэн шийдвэрлэдэг вэ? Санал хураадаг вэ?

-Хүн болгон өөрийн бодол, харах өнцөгтэй учраас тийм маргаан гардаг. Үүнийг яах ч арга байхгүй. Хувцасны загвар, бугуйн цаг, машины загвар дээр төстэй асуудал гардаг шүү дээ. Гэхдээ автомашины загвар амжилтад хүрэхгүй бол хор хохирол, алдагдал нь асар их. Бүхэлдээ маш хариуцлагатай ажил. Бидний хувьд хэлэлцсээр байгаад нэг мэдэхэд зөвшилцөлд хүрдэг.

-Автомашины загвар дизайн гэдэг ойлголтыг тодруулна уу. Юу юу хамаарах вэ. Энгийн хэрэглэгчийн хувьд нэгдүгээрт гадаад байдал, хоёрдугаарт салоны доторх байдлыг хэлэх байх?

-Автомашины дизайн гэхлээр гадаад төрхийг нь голлож хэлээд байгаа юм шиг ойлгогддог. Гэхдээ эцсийн дүндээ унаж хэрэглэхэд ямар байна, хэрэглэгчид таалагдаж байгаа эсэх тухай асуудал юм. Гаднаа сайхан байлаа ч дотроо муу байвал, эсвэл гаднах нь сайхан мөртөө инженерчлэл нь муу байх юм бол сайн дизайнтай машин гэж хэлэхгүй. Хоёулаа нэгдэж зохицож байж сайн дизайн болно. Бас үнэ өртөг хүртэл дизайнд нөлөөлнө, мөнгөөр хэмжигдэнэ. Бас техникийн үзүүлэлтүүд.

Манай Монголд Приус их дэлгэрсэн, гэтэл зарим хүмүүс түүнийг “гутал” гэх мэтээр тоомжиргүй нэрлэдэг. Үнэн хэрэгтээ маш сайн дизайн гэж үзнэ. Яагаад гэвэл агаарын урсгалыг саад багатай давуулж, бензин хэмнэдэг байхын тулд тийм дизайныг бодож олсон. Түүнээс биш дураараа зурчхаагүй. Царай муутай гэж хэлдэг ч Монголыг авч явж байгаа машин шүү дээ.   

-Бусад япон машины загвар дизайны талаар юу нэмж хэлэх вэ. Манайх ардаа тээш байхгүй хавтгайг нь окурк буюу “тамхины иш” гэж шоолдог. Бас нэг загварыг базуулсан юм шиг гэж ярихыг сонсож байлаа. 

-Тэр "тамхины иш" гээд байгаа машиныг англиар kei гэж нэрлэсэн байдаг. Тэр агшаасан юм шиг харагдаг машин бас л учиртай. Ер нь япон машин бол маш сайн. Эдэлгээ даадгаараа алдартай. Зөвхөн Монголд биш бусад улс орнуудад түүний дотор Америкт ч яг тэгж үнэлэгддэг. Тоёота авна, Хонда авна гэцгээдэг. Японы инженерчлэл маш сайн. Заримдаа япон машины дизайныг царай муутай гэсэн утгаар хэлдэг тал бий ч үнэн хэрэгтээ маш сайн дизайнтай.

-Машины загвар дизайн сайн, мууг шалгаруулдаг санал асуулга, рейтинг байдаг болов уу?

-Байдаг. Гэхдээ загвар дизайн, техникийн үзүүлэлтээс гадна хэчнээн борлогдсон бэ гэдэг нь шууд нөлөөлөөд байдаг. Сүүлийн үед солонгос машинууд дээгүүр явж байна, Hyundai, Kia гэхчлэн. Автомашины үзэсгэлэнгүүд дээр сайн машин дээр илт илүү олон хүн цуглардаг.

-Дэлхийд хоёрхон төрлийн машин байдаг. Нэг нь Mercedes нөгөө нь бусад гэсэн хэллэг бий. Энэ ямар учиртай вэ. Mercedes үнэхээр "тасархай" юу?

-Америкт тэгж ярьж байхыг сонсоогүй. Гэхдээ энд Mercedes-ийг баян, дээгүүр зиндааны хүмүүс унадаг гэдэг талаас нь хэлж байж магадгүй.

-Бас хамгийн гоё машин Range Rover гэж ярихыг сонслоо. Харсан нь чинь авдар, хайрцаг шиг хэлбэртэй санагдсан…

-Гадаад хэлбэрийн хувьд тиймэрхүү тал бий. Ер нь бол Английн бэлэг тэмдэг машин шүү дээ. Английн үндэсний онцлогийг хадгалсан. Гэхдээ нөгөө талаар нэлээн эвдэрдэг гэж үздэг тал бий.

-Тансаг зэрэглэлийн машинууд намхан, газраар мөлхсөн, бууж суухад төвөгтэй харагддаг. Тийм төрлийн машин сайн дизайнтайд тооцогдох уу? 

-Үүнийг спорт загварын машин гэдэг. Суух, буухад ядаргаатай нь үнэн. Гэхдээ анхнаасаа хурдан байхын тулд, хурдтай яваад огцом эргэхэд өнхөрчихгүйн тулд  хүндийн төв нь дор, машин нь өөрөө навтгар байдаг. Үүнийг өвөрмөц бас гоё харагддагийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгэнт хүмүүс үнэлдэг, худалдаж авдаг болохоор ингэж үйлдвэрлэдэг. Лос-Анжелесийн гудамжинд иймэрхүү машин зөндөө.

-Tesla-гийн энд тэндээс нь зүсэж тэгшилсэн юм шиг хэлбэртэй машины дизайныг та нар юу гэж үздэг вэ?

-Tesla Cybertruck гэдэг машиныг манай мэргэжлийн хүмүүс эхэндээ бараг үзэн ядсан. Гаднаасаа царай муутай, хамгийн гол нь хийцийн хувьд олон дутагдалтай, унаж ашиглахад төвөгтэй, ойроос харвал панелуудын завсар жигд бус зэрэг дутагдалтай гэж дүгнэсэн. Гэхдээ энэ чинь truck шүү дээ, монголоор портер л юм даа. Нөгөө талаар шинэ, сонин машин бүтээж гаргасан гэдэг утгаараа нааштай хандсан тал бий.

-Авто машины салбарын чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Буцаад классик руугаа явж байгаа болов уу. Цахилгаан гэхээсээ илүү буцаад бензин рүү, hybrid руу хандаж байна. Хятадын машины трэнд түргэн нэвтэрч, Тоёота авах мөнгөөр Мерседесийн тав тухыг хүртээмжтэй болгож байна. Хямдхан хэр нь тансаг гэсэн үг. Нүд эрээлжилсэн дизайнаас холдож олон юмыг энгийн, үзэмжтэй болгож байна.

-"Audi" машины загвар ямар онцлогтой вэ?

-Бусад брэндүүдээс ялгардаг гол онцлог бол Bauhaus хэв маяг юм. Наанаа даруухан харагддаг ч цаанаа инженерийн зөв шийдэлтэй байдаг.  

-Танай компанийн хувьд ажлын дотоод соёл нь ямар онцлогтой вэ. Зохион бүтээсэн загвараа нууцалдаг уу?

-Компаниуд маш ширүүн өрсөлддөг. Компани дотроо ч мөн адил өрсөлдөөн ширүүн. Манай Америк дахь студи Герман, Хятадад байгаа студиүдтэй ана мана үзэлцэж, тэр дундаасаа шилдэг загвараа шалгаруулдаг. Компанийн ажил нууцын өндөр зэрэглэлтэй, түүнийг хадгалах, хамгаалах тал дээр хатуу журамтай.

-Монголд хэзээ ч биш юмаа гэхэд мөддөө машин үйлдвэрлэхгүй байх. Ажил мэргэжлээ Монголтой холбож төсөөлдөг үү?

-Мэдээж боломж байвал Монголдоо юм хийхийг бодолгүй яах вэ. Гэхдээ амьдрал өөр байдгийг ойлгоно. Монголд энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж болох талбар бол компьютер график CGI байж болох юм. Мэдээж манай Монгол Улс, монголчууд машин техник үйлдвэрлэдэг болох ёстой. Бүтэн машин угсардаггүй юмаа гэхэд ямар нэгэн эд анги, сэлбэг хийдэг болбол сайхан даа гэж.

-Хувцас загварын салбарт монгол үндэсний хээ угалзаас эхлээд жижиг жижиг элементүүд их байдаг. Түүн шиг автомашины дизайнд монголын гэх элемент ямар нэг хэмжээгээр оруулах боломж байх болов уу?

-Монголын нүүдлийн амьдралын хэв маяг үнэхээр өөр хаана ч байхгүй өвөрмөц. Цагаан сараар маш хүйтэнд бүгд хөдөө явдаг энэ онцлог хэрэглээнд тааруулаад янз бүрийн сонин юм сэтгэж болно. Японы машинууд монголын хүйтэнд машинуудынхаа чацыг шалгадаг шүү дээ. Гэхдээ монголын зах зээл жижигхэн гэдэгт асуудал бий.

-Манайхан одоохондоо машины суудлын бүрээсийг хээ угалзтай хийж байгаа.

-Үндэсний зүйлсийг бага багаар шигтгэж ашиглахыг би хувьдаа маш зөв гэж үздэг. Гэхдээ хэтрүүлж хэв маяг оруулах нь сайн биш. Хэтэрхий үндэсний загвар нь гадаад зах зээлд гарах хаалгаа хааж байдаг. Одоо монгол дээл ямар гоё орчин үеийн болж байна. Америкт хүртэл танай Монголын олимпын тамирчдын дээл өмсгөл ямар гоё дизайнтай юм бэ гэж хэлж байхыг сонссон. Энэ бол маш сонирхолтой. Гэхдээ бүх юмны балансыг тааруулах хэрэгтэй.

-Манайхны зарим нь машиныг өндөрлөхөөс эхлээд хамаа намаагүй чимэглэсэн харагддаг?  

-Тухайн хүн өөрт таалагдсанаараа хийсэн байх. Алхан хээг жижгээр куперт, хаалганых нь дор давтаад тавьчихдаг ч юм уу тиймэрхүү байдлаар үндэсний жижигхэн шигтгээнүүдийг хийвэл бас гоё юм даа гэж боддог. Бид чинь өөрсдийн гэсэн өвөрмөц гоо зүй соёлтой хүмүүс шүү дээ.

-Баярлалаа. Амжилт хүсье!