Өнгөрсөн сарын эхээр АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог нийслэл Каракас дахь өргөөнөөс нь баривчлах ажиллагааг явуулсан билээ.
Уг үйл явдлын дараа Венесуэлд үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг нь шахаж гаргасныг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлжээ.
“Венесуэлд болсон үйл явдлын дараа яг одоо манай компаниудыг тус улсаас ил тодоор хөөн гаргаж байна” гэж тэр өчигдөр буюу Пүрэв гарагт Кремлийн суртал нэвтрүүлгийн Russia Today сувгаар ярьсан юм.
Ингэхдээ Лавров тодорхой компанийн нэр дурдаагүй байна.
Тэрбээр үүнийг Вашингтоны захиалгаар авч буй арга хэмжээ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ үеэр Лавров бас АНУ-ын засаг захиргаа Лукойл, Роснефть компаниудын эсрэг хориг зарласан, хэдийгээр Украины дайныг дуусгах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч Оросын газрын тосыг худалдаж авдаг орнуудад шахалт үзүүлж буйг шүүмжлэн ярьсан байна.
Өмнө нь Венесуэл дэх Оросын өмчийг хариуцдаг Росзарубежнефть компани Мадурог баривчлагдсаны дараа гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, Венесуэлийн түншүүдтэйгээ хамтарч ажилласан хэвээр байхаа мэдэгдэж байсан юм.
Венесуэл дэх бүх хөрөнгө нь Оросын өмч бөгөөд тэдгээрийг Венесуэлийн хуулийн дагуу, зах зээлийн нөхцөлөөр худалдаж авснаа уг мэдэгдэлд дурдаж байжээ.
Росзарубежнефть нь Венесуэлийн төрийн өмчит газрын тос, байгалийн хийн PDSVA (Petroleos de Venezuela S.A) компанитай хамтарсан үйлдвэрүүдийг эзэмшдэг.
Хоёр улс 2025 оны тавдугаар сард стратегийн түншлэлийн гэрээ байгуулж байжээ.
Тухайн үед Москвад суугаа Венесуэлийн элчин сайд Жесүс Рафаэл Салазар Веласкез тус улсад Оростой хамтарсан нийт таван үйлдвэр ажиллаж байгааг мэдээлж байв.
Kpler судалгааны компанийн мэдээлснээр 2025 оны сүүлээр Орос улс АНУ-ыг гүйцэж, Венесуэлийн нефть-химийн салбарын хамгийн том нафта нийлүүлэгч болсон байна.
Мадурог баривчилсныхаа дараа ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн газрын тосны томоохон компаниудаар Венесуэлд хөрөнгө оруулуулахаар шахаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес тус улсын эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх хуулийн төсөлд гарын үсэг зурснаар ийм боломж нээгдсэн юм.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!