Уншиж байна ...

“Амар байна уу үзэсгэлэн худалдааны үеэр ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа дөрөв дэх жилдээ "Их наяд" болон “Соёолж молл” худалдааны төвд нээгдээд буй.

Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1,000 ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд худалдан авагчдад бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байгаа гэнэ.

Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгч Г.Тунгалаг: Сар шинийн үзэсгэлэн худалдаанд монгол ахуй, соёлыг харуулсан гар урлалын бүтээгдэхүүнээрээ хоёр дахь удаагаа оролцож байна. Монгол бэлгэдлийг агуулсан тоглоом, гар урлалын зүйлсийг хүмүүс их сонирхдог.

“Дуут урлан”-гийн үүсгэн байгуулагч, дархан Д.Баярхуяг: Тус үзэсгэлэн худалдаанд анх эхэлсэн цагаас нь хойш амжилттай оролцож байна. Манай урлаачид үзэсгэлэн худалдааг их хүлээж оролцдог. Зорьж ирдэг худалдан авагчидтай болсон. Энэ бол бүтээгч, үйлдвэрлэгч, урлаачдын нэгдэл гэж ойлгодог. Бид энэ жил шинэ загварын шатар болон бэлэг дурсгалын зүйлсээрээ оролцож байна.

Худалдан авагчид сар шинийн бэлтгэлээ “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанаас бэлддэг болж байгаад баяртай байдаг. Бид зориод ирдэг худалдан авагчдаа баярлуулахын тулд шинэ, чанартай бүтээлтэй уулзахыг зорин бэлтгэлээ хангаж ажилладаг.

“Үжин брэнд”-ийг үүсгэн байгуулагч С.Саран: Энэ жилийн өргөтгөсөн худалдаанд эсгий эдлэл, уран зураг болон оёдолгүй, байгалийн өнгөөр нь гаргасан ноос, ноолууран бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Үндэсний хээ, уран бичлэгтэй гоёлын ороолт, дээл хувцас мөн худалдаалж байна гэлээ.

Үүнээс гадна дүүргүүд өөрсдийн онцлогт тохируулан сар шинийн баярт зориулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж.