Уншиж байна ...

"Алтан цом" барилдааныг таван тойргийн дараах байдлаар "М-Си-Эс Энержи" баг тэргүүлж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг "Алтан цом"-ын тавдугаар тойргийн барилдаан өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа. 

Өнгөрсөн жилүүдэд "Алтан цом"-д аймаг аймгийн дэвжээгээрээ багт хуваагдан барилддаг байсан. Тэгвэл энэ жилээс ижил түвшний бөхчүүдээр бүрдүүлсэн Үндэсний томоохон компаниудын нэрэмжит шилдэг найман баг оролцуулж байгаа билээ.

Тус найман баг тойргийн журмаар хоорондоо барилдах бөгөөд долоон тойргийн дараах байдлаар эхний дөрвөн баг нь шигшээ шатанд шалгарна. Уг дөрвөн баг хоорондоо нугалааны зарчмаар барилдсанаар дөрөвдүгээр сард энэ жилийн "Алтан цом"-ын эзэн тодрох юм.

Тавдугаар тойргийн дараах байдлаар улсын арслан Э.Батмагнай ахлагчтай М-Си-Эс Группийн "М-Си-Эс Энержи" баг дөрвөн хожил, нэг хожигдол, 72 даваатайгаар тэргүүлж байна. Хоёрдугаар байрт улсын арслан Р.Пүрэвдагваар ахлуулсан Хатант интернэшнл ХХК-ийн "Хатант интернэшнл" баг мөн адил дөрвөн хожил, нэг хожигдол 71 даваатайгаар бичигдэж байгаа юм. 

Тэгвэл АПУ ХК, Скайтел ХХК-ийн "АПУ, СКАЙТЕЛ" баг, Од групп ХХК-ийн “ОД ГРУПП” баг, Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” баг гурван хожил, хоёр хожигдолтойгоор 3-5 дүгээр байрт бичигдэж байна. 

“Алтан цом”-ын зургаадугаар тойргийн барилдаан энэ долоо хоногийн Бямба гарагийн (2026.01.24) 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Зургаадугаар тойрогт хүснэгтийг тэргүүлж буй "М-Си-Эс Энержи" болон "Хатант интернэшнл" баг хоорондоо хүч үзэхээр оноолт таарчээ.

зураг
 
“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааных 1,500,000,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн юм.