Уншиж байна ...

Тайланд улс аялал жуулчлалыг дэмжих зорилгоор үдээс хойш архи зарахыг хориглосон журмаа цуцаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 45 минут
iKon.MN
Зураг зураг

Тайланд улсын эрх баригчид аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор олон арван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн үдээс хойш согтууруулах ундаа зарахыг хориглодог журмаа түр хугацаагаар цуцалжээ.

Дэлгүүрүүд, ресторанууд, уушийн газрууд зэрэг бусад зөвшөөрөлтэй үйлчилгээний байгууллагууд одоогоос эхлэн зургаан сарын хугацаанд өдрийн 14:00-17:00 цагийн хооронд архи, дарс, шар айраг худалдаалах боломжтой болж байна.

Уг хоригийг төрийн албан хаагчид ажлын цагаар ууж согтуурах явдлыг зогсоох зорилгоор 1972 онд анх нэвтрүүлж байжээ.

Гэвч  энэ нь гадаадын жуулчдыг хамгийн их бухимдуулдаг журам байсан юм.

Хоригийг цуцлах шийдвэр жуулчдын оргил үе болох Зул сар, шинэ жилийн баярын өмнөхөн гарч байна.

Ингэснээр ирэх 180 хоногийн хугацаанд Тайланд даяар архи, согтууруулах ундааг өглөөний 11 цагаас шөнийн 12 цаг хүртэл худалдаалах боломжтой болж байгаа юм.

Энэ хугацаанд албаныхан шийдвэрийнхээ нөлөөг судалж, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөх гэнэ.

Өмнө нь уг хоригийг зөрчсөн хүмүүсийг 10,000 бат ($313) хүртэл мөнгөн торгуулиар шийтгэдэг байжээ.

Есдүгээр сард албан тушаалдаа томилогдсон Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракул олон жилийн улс төрийн үймээн самууны улмаас доройтсон эдийн засгаа сэргээхээр идэвхтэй ажиллаж байгаа. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд аялал жуулчлалын салбарын өсөлтийг хангахаа амлаж байв.

“Өмнө нь засгийн газрын ажилтан, албан хаагчид өдрийн цагаар сэмхэн архидахаас болгоомжилдог байсан бол одоо өөр цаг үе ирээд байна” гэж ерөнхий сайдын орлогч Софон Сарам өнгөрсөн сард сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байжээ.

Тайланд улс Ази тивдээ согтууруулах ундааны хэрэглээгээр дээгүүр бичигддэгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримтаас харж болно. Тус улсад Chang, Singha зэрэг шар айраг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өндөр борлуулалттай байдаг.

 

Эх сурвалж: BBC