Украинтай хийсэн яриа хэлэлцээ үр дүнтэй болсон ч хийх ажил их байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв
Ням гарагт Украин, АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох төлөвлөгөөний асуудлаар Флорида мужид уулзжээ.
Яриа хэлэлцээ “үр дүнтэй” болсон ч хийх ажил их байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын дараа хэлсэн байна.
Украины төлөөлөгчдийг тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүлжээ.
АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч Трампын тусгай элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар багтсан байна.
Виткофф энэ долоо хоногт Москвад айлчлах юм.
Умеровын хувьд Украины төлөөлөгчдийн шинэ ахлагч болж байгаа. Өмнөх ахлагч Андрей Ермак авлигын асуудалтай холбогдсоны улмаас өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон билээ.
Украин болон Европын холбоотнуудыг цочроосон Трампын 28 зүйлт энхийн төлөвлөгөө гэх бичиг баримт нийтэд ил болсноос хойш дайныг дуусгах дипломат хүчин чармайлт нэлээд эрчимжээд байгаа.
Уг төлөвлөгөө Оросын талд хэт буулт хийсэн агуулгатай болсныг Украин, Европын удирдагчид шүүмжилж байв.
Өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөг засаж, сайжруулах цуврал яриа хэлэлцээ үргэлжилж байгаагийн сүүлийнх нь Ням гарагийн уулзалт юм.
“Бид зөвхөн дайныг зогсоох нөхцөлийг ярилцаагүй. Украиныг урт хугацааны хөгжил цэцэглэлтэд хүргэх нөхцөлүүдийг ярилцлаа. Өнөөдөр бид үүнийг тохиролцож чадсан гэж бодож байна. Гэхдээ хийх ажил их байна” гэж Майами хотын хойд хэсэгт оршдог Халландэйл Бичэд болсон уулзалтын дараа Рубио мэдэгджээ.
Уулзалтын өмнө Украины төлөөлөгчдийн ахлагч Умеров “Бид Украины ирээдүй, Украины аюулгүй байдал, Украины эсрэг түрэмгийллийг дахин давтуулахгүй байх, Украиныг хэрхэн сэргээн босгох асуудлуудыг хэлэлцэж байна. АНУ биднийг сонсож, дэмжиж байна. АНУ бидэнтэй хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн юм.
Уулзалтын дараа тэр яриа хэлэлцээг “үр бүтээлтэй, амжилттай” болсон гэсэн бол Рубио “маш үр бүтээлтэй, ашигтай” болсон гэж дүгнэжээ.
Уулзалтын өмнө ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Виткоффыг, магадгүй хүргэн Кушнерын хамт шинэчилсэн төлөвлөгөөг хэлэлцүүлэхээр Москва руу илгээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байв.
Төлөвлөгөөний шийдвэрлэгдэж чадаагүй хамгийн эмзэг асуудал Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хувь заяа болоод байгаа.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр буюу Даваа гарагт Парист айлчилж, өөрийн хүчтэй дэмжигч Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзах гэж байна.
2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн дайны турш олон арван мянган цэрэг, энгийн иргэд амь үрэгдэж, шархдаж, хамгийн багадаа долоон сая хүн орон гэрээсээ дүрвээд байгаа.
Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хоёр улсын хоорондох мөргөлдөөн 2014 онд Оросын талыг баримтлагч Украины ерөнхийлөгч түлхэн унагагдаж, Оросын цэрэг Крымийг булаан эзэлж, Москвагийн эрх баригчид Украины дорнод хэсэгт салан тусгаарлах дайныг дэмжсэнээр эхэлж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
