Өчигдөр буюу Пүрэв гарагт Казахстаны Байконур дахь сансрын буудалд техникийн осол гарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Тухайлбал дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станц руу Союз МС-28 хөлгийг хөөргөх үеэр хөөргөх тавцангийн үйлчилгээний бүхээг нурсан юм байна.
Роскосмосын шууд нэвтрүүлгийн дүрс бичлэг үүнийг тодорхой харуулжээ.
Хөдөлгөөнтэй, эвхэгддэг уг бүхээг нь хөөргөх тавцангийн доор байрладаг бөгөөд пуужингийн сүүл хэсгийн засвар үйлчилгээнд ашиглагддаг юм байна.
31 дүгээр тавцангийн үйлчилгээний бүхээг нурсныг судлаач Георгий Тришкин баталжээ. Энэ нь Оросын сансрын хөлгүүдийг хөөргөдөг цорын ганц тавцан юм байна.
Үүний улмаас Союз, Прогресс хөлгүүдийн хөөргөлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгааг Тришкин мэдээлжээ.
Роскосмосын дүрс бичлэгийг шинжилсэн сансрын технологи судлаач Виталий Егоров “энэ өдрөөс хойш Орос улс сансарт хүн хөөргөх чадвараа алдаж байна. Энэ бол 1961 оноос хойш анхны ийм тохиолдол юм” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.
Зарим эх сурвалжууд үйлчилгээний бүхээгийг засварлах ажил хоёр жил хүртэл хугацаанд үргэлжилж болзошгүйг мэдээлжээ.
Сүүлд Роскосмос шалгалтын үеэр хөөргөх тавцангийн зарим элементүүд эвдэрснийг илрүүлсэн тухай мэдээлсэн ч “засварлахад шаардлагатай бүх эд ангиуд бэлэн байгаа” гэж тайвшруулжээ.
Егоровын мэдээлснээр өнгөрсөн 64 жилийн хугацаанд уг тавцангаас 500 орчим удаа сансрын хөлөг хөөргөж байсан гэнэ.
Харин 2018 оноос хойш Оросын сансрын хөтөлбөрт ашиглагддаг цорын ганц тавцан болжээ.
Мэргэжилтнүүд сансрын хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд 31 дүгээр тавцанг засварлахаас өөр арга байхгүй гэж үзэж байна. “Гагарины” гэгддэг нэгдүгээр тавцанг шинэчлээд ашиглах нэг хувилбар байсан ч үүнийг хэдийнээ буулгаж, Казахстаны Сансрын Нисэгчдийн Музейд шилжүүлжээ.
Гагарины тавцанг шинэчлэн сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх ажлыг анх Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүжилтээр гүйцэтгэх төлөвлөгөө 2018 онд батлагдаж байсан юм.
Гэвч Украины дайн эхэлсний дараа Эмиратын эрх баригчид хамтын ажиллагаагаа зогсоож, хөрөнгө оруулалтаа цуцалж байжээ.
Орос улс Байконураас хамаарлаа багасгах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт “Восточный” нэртэй сансрын буудал байгуулж байгаа ч одоогоор ашиглаж эхлээгүй байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!