Уншиж байна ...

Ц.Цогзолмаа: Эцэг, эх, багш нарыг чадавхжуулснаар хүүхдийн хөгжлийг дэмжиж чадна

Редакцын бус нийтлэл
2025 оны 11 сарын 27
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

“Сул хардаг хүүхэд байж болзошгүй тул аливаа бичиг, мэдээллийг томоор, соёлын ялгаатай гэр бүлийн багачуудад зориулаад монгол болон тэдний төрөлх хэлээр хэвлэж тавих гээд хүүхэд бүрийн онцлогт тохируулан энгийн хэрнээ өртөг багатайгаар асуудлыг шийдэх нь чухал.

Түүнчлэн хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдэд зориулаад олон төрлийн сонголттой зургийг хананд байрлуулж болох юм. Нөгөө хүүхэд маань хэлж чадахгүй ч зургаар өөрийгөө илэрхийлж, ойлгуулах нь чухал” хэмээн тусгай хэрэгцээт хүүхэдтэй 24 жил ажилласан туршлагатай, Австралийн сайн дурын хөтөлбөрийн мэргэжилтэн Шарон Горmон сургалтын үеэр онцолсон юм.

Тэрбээр Японы Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байгаа юм.

Тус сангийн төслийн ажилтан Т.Батчимэг “Эл төслийг Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймгийн нийт 10 цэцэрлэг, мөн тооны өрхийн эмнэлэгт хэрэгжүүлж байна. 2024-2027 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд 0-5 настай хүүхдийн хөгжлийг дэмжих, тэгш хамруулах, хоцрогдол бэрхшээл байвал арга зүйн зөвлөгөө өгөх, өрхийн эмнэлгүүдийг 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийг эрт илрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм” хэмээн нийслэлийн  320 дугаар цэцэрлэгийн багш, эцэг, эхчүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх сургалтын үеэр ярив.

Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хууль, тэгш хамруулан сургах бодлогын дагуу тусгай хэрэгцээт хүүхдүүд харьяаллын дагуу сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй. Гэвч багш нарт ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүй дутмаг, зөвлөгөө, мэдээлэл хомс байв. Үүнийг олж харж, цэцэрлэг, өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, сургалт арга зүйн дэмжлэг үзүүлж, мэргэжилтнүүдийг мэргэшүүлж буй нь нүдээ олсон ажил болжээ. Эл төсөлд хамрагдаж буй нийслэлийн 320 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цогзолмаатай ярилцлаа.

Тэрбээр сургуулийн өмнөх боловсролын салбарт 38 дахь жилдээ ажиллаж байна. Багшаас арга зүйч, эрхлэгч хүртэл дэвшин ажилласан туршлагатай нэгэн юм.

зураг
 


-“Тэгш, хүртээмжтэй, тогтвортой цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөлд танай цэцэрлэг хэрхэн хамрагдав?

-Манай цэцэрлэг нь 2023 онд сургалт үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нийт зургаан бүлэг, 150 хүүхдийн хүчин чадалтай, 29 багш, ажилтантай Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастай шинэ эцсийн автобусны буудлын ойролцоох нутаг дэвсгэрт байрладаг ба хамран сургах тойргийн 23 дугаар хорооны Баатархайрханы хэсгийн хүүхдүүд суралцаж байна.

Хамран сургах тойргийн 328 хүүхдээс тус цэцэрлэгт нийт 208 хүүхэд суралцаж байгаагийн 55.8 хувь нь буюу 116 хүүхдийн гэр бүл өрхийн амьжиргааны түвшнээс доогуур зорилтот бүлэгт хамрагдаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд тусгай хэрэгцээт дөрвөн хүүхэд суралцаж төгссөн. Энэ хичээлийн жилд нэг хүүхэд манай цэцэрлэгт хамрагдаж байна. Нийт хүн амын амьжиргааны түвшин, тусгай хэрэгцээт эцэг, эхтэй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй бага насны  хүүхэд манай хамран сургах тойрогт байдаг. Энэ бүхнийг харгалзан үзэж, манай цэцэрлэгийг төсөлд хамруулсан.

Бид 2024 оны дөрөвдүгээр сард Японы Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллах гэрээгээ байгуулж, төслийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Төслийн хүрээнд багш, ажилтнуудыг чадавхжуулан сургахын зэрэгцээ тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан гадна талд налуу шат, дотор мөн шатны бариул хийж, дөрвөн ангийн ариун цэврийн өрөөг зориулалтын суултуур, угаалтууртай болгож өгсөн төдийгүй  “Хүүхэд хөгжлийг дэмжих танхим”-ыг бий болгож тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн ном гарын авлагаар иж бүрэн тохижуулж өгсөн. Мөн багш, эцэг эхийг чадавхжуулах сургалт зохион байгуулах сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж өгсөнд талархаж байна.

-Хүүхэд хөгжлийг дэмжих танхимтай болсноор ямар эерэг үр дүн гарч байна. Эл танхимд хүүхдүүд хэрхэн суралцаж байна вэ?

-Хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, бие бялдар, эрүүл мэнд, нийгэмшихүйн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн танхимтай болсноор сайн үр дүн гарч байгаа. Тухайлбал, аутизмын хүрээний эмгэгтэй  хүүхдийн дунд ааш зан нь өөрчлөгдөх, өдөр унтлагын цагаар унтахгүй, ганцаараа байх зэрэг онцлог зан төрх илэрдэг.

Энэ үед нь багш хүүхдийг хөгжлийн танхимдаа оруулж, тайвшруулах, тоглоомоор тоглуулах зэргээр анхаарал тавьдаг юм. Хүүхэд хөгжлийг дэмжих танхимд маань 23 нэр, төрлийн тоглоом наадгай, дуут ном, сургалтын хэрэглэгдэхүүн бий. Ингэж хүүхдийн хөгжлийг дэмжихэд бодит дэмжлэг үзүүлэхээс гадна, багш, эцэг, эхчүүдийг арга зүйгээр хангаж байгаа. Манай цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зориулсан стандартын шаардлага хангасан зам, шат, бариултай байх гэсэн шаардлагын дагуу барилгын гадна талдаа зориулалтын налуу шатгүй байсан.

Төслийн хүрээнд налуу шаттай болгохоос гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан олон тохируулгыг нэмж хийж өгсөн.

-Хөгжлийн ялгаатай хүүхдүүдтэй ажиллах багш нарын заах арга зүй, бүтээлч байдлыг сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ. Цэцэрлэгийн багш ажлын ачаалал ихтэй, тэр бүр тусгай хэрэгцээт хүүхэдтэй тулж ажиллаж чаддаггүй шүү дээ.

-Хүүхэд бүр өөрийн онцлогтой учир багш нарын арга зүйг сайжруулах, чадавхжуулах шаардлагатай. Үүний хүрээнд сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна.

Тодруулбал аутимзтай хүүхдийг оношлох суурь судалгаа, багш, ажилчид, асран хамгаалагчдыг чадавхжуулах модуль сургалтыг Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтнүүдтэй хамт явуулж байна. Аутизмтай хүүхдийг таньж мэдэх, оношлох сургалтад 60 эцэг, эх хамрагдсан ба багш нар маань сургагч багш болж бүлгийнхээ эцэг, эхчүүдэд  сургалт явууллаа.

Тодруулбал хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж оношлох, шинж тэмдгийг таних, хүүхэдтэйгээ хэрхэн, яаж ажиллах арга зүйн талаар суралцсан. Эцэг, эхчүүд ихэд талархан хүлээн авсан. Тухайлбал хүүхдийн 0-2 насны хөгжлийг аав, ээжүүд төдийлөн анзааралгүй өнгөрөөдөг юм байна. Хугацаа алдаж оношлох байдал ажиглагддаг болохыг сургалтын үеэр ярьсан. Мөн оношлогдоогүй  ч гэсэн хөгжлийн хоцрогдолтой хүүхэд цөөнгүй байгааг илрүүлсэн. Бид энэ талаар эцэг, эхчүүдтэй нь ярилцаж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

-Танай цэцэрлэгт аутизмын хүрээний эмгэгтэй нэг хүүхэд суралцдаг юм байна. Тэр хүүхдэд маань ямар ахиц гарсан бол?

-Хөгжлийн хоцрогдолтой болон бусад хүүхэд ч энэ танхимаар үйлчлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, багш нар маань хөгжлийн танхимдаа хүүхдүүдийг тоглоомын аргаар буюу өнгө таних, дүрс эвлүүлэх, байрлал заахад сургаж, гарын жижиг булчинг нь хөгжүүлэхэд анхаарч байна. Аутизмын хүрээний эмгэг нь хэл ярианы бэрхшээлээр түлхүү илэрдэг.

Тухайлбал дуу авиа, дохио зангаагаар аливааг илэрхийлдэг, бусадтайгаа тоглохгүй, ганцаараа байх зэрэг шинж илэрч болдог. Манай цэцэрлэгийн таван настай аутизмтай хүүхдийн хувьд ч ялгаагүй эдгээр шинж тэмдэг байсан. Тиймээс найзуудтай нь хамтарч тоглуулах, нийгэмших, ээнэгшин дасгах, хөгжлийг нь дэмжихийн тулд ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу ажиллаж, хүүхэд хөгжлийн төвд багштайгаа болон ангийнхаа 7-8 хүүхэдтэй хамт тоглодог. Ингэснээр ганцаараа биш, бусадтайгаа хамт тоглодог болж, ангидаа санаачилгаараа тоглоомоо сонгож, найзуудтайгаа хамтран тоглох чадварт  ахиц дэвшил гарсан.

Хүүхэд нийгэмших, хамт олны дунд нь хөгжүүлж төлөвшүүлж чадвал аутизмын шинж тэмдгийг бага багаар засрах юм байна гэсэн итгэл төрсөн. Мөн ариун цэврийн өрөөнд бие засаж мэддэггүй байсан бол одоо багшийн дэмжлэгтэйгээр бие засаж сурсан ахицтай байна.

-Хүүхдийн хөгжлийг эрт үед нь оношлох, хөгжүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо хамгийн чухал. Тэд багш нартайгаа хэрхэн хамтарч ажилладаг бол?

-Төслийг хэрэгжүүлэхээс өмнө бидний хувьд ч эцэг, эхчүүдийн маань тухайд ч тусгай хэрэгцээт хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар ойлголт төдийлөн хангалтгүй байсан.

Төслийн хүрээнд багш, эцэг эхчүүд чадавхжуулах сургалтад хамрагдсанаар хоёр хүртэлх насны хүүхдэд хөгжлийн ямар нэгэн хоцрогдол илэрч байгаа, эсэхийг эцэг, эхчүүд маань  таньж чаддаг боллоо. Энэ төсөлд манай цэцэрлэгээс гадна 23-р хорооны “Нэмүүлэн” өрхийн эмнэлгийнхэн хамрагдаж байгаа. Өрхийн эмнэлгийн эмч, багш, эцэг эхчүүд гуравласан холбоотой хамтран ажилласнаар ойлголт, мэдээллийг сайжруулж байна.

Хүүхдийг бага насанд нь буюу 9, 18, 36  сартайгаас нь эхлээд хөгжил нь ямар байгааг өрхийн эмч нараар үнэлүүлж, эрт оношлуулах нь зүйтэй. Иймээс багш, эцэг эх төдийгүй хүүхдүүд ч ангидаа байгаа хөгжлийн онцлогтой найзыгаа ойлгож туслах, найзлахыг хүсэх, дэмжиж туслах эрмэлзэлтэй болж хамтран хөгжиж байна.

Манай цэцэрлэгийн хүүхэд багачуудын аав, ээж нар ч багшдаа тусалж дэмжин сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэхэд хүртэл тусалдаг төдийгүй хүүхдэдээ ямар тоглоомоор тоглуулбал хөгжлийг нь дэмжих вэ гэж асууж, багш нараасаа суралцаж байна. Хэл ярианы хоцрогдолтой таван настай хэрнээ санаагаа авиагаар илэрхийлдэг, үг хэлдэггүй хүүхэд ч манай цэцэрлэгт хэд хэд бий.

Сургуульд орох нас нь дөхөж буй учраас ийм хүүхэдтэй эцэг, эхчүүд сэтгэл түгших, санаа зовох байдаг ч айх биш, даван туулах, хүүхдээ хөгжүүлэхийн тулд багштайгаа хамтран ажиллаж байгаа нь  сургалтад хамрагдаж, мэдээлэлтэй болсны үр дүн юм.

Эцэг, эх, багш нарыг чадавхжуулснаар хүүхдийн хөгжлийг дэмжиж чадна.

Ярилцсан: Сэтгүүлч Б. Энх