Томуу, томуу төст өвчин нийслэл хот болон таван аймагт алаг цоог дэгдэлтэй, 13 аймагт идэвхжлийн түвшинд байна.
2025 оны 47 дахь долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна гэж Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээлж буй. Мөн тус яамнаас сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг Боловсролын Яаманд хүргүүлээд байгаа юм.
Энэ талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
- ЭМЯ-наас сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг Боловсролын Яаманд хүргүүлсэн гэж мэдэгдээд байна. Өчигдөр тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдсан. Үүнд Боловсролын Яам, БЕГ-аас мөн оролцлоо. Хурлаар яригдсан мэдээлэл, үүсээд буй бодит нөхцөл байдлыг та бүхэнд юу гэж танилцуулсан бэ?
- ЭМЯ-наас өгч буй мэдээллээр өнөөдөр алаг цоог дэгдэлттэй Архангай, Өвөрхангай, Төв, Баян-Өлгий, Өмнөговь гэсэн таван аймаг байна. Мөн Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт яаралтай түргэн тусламжийн дуудлага эрс өссөн байна.
Арваннэгдүгээр сарын 22-нд Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төв(ЯТТТ) түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 2,270 орчим дуудлага хүлээн авчээ. Үүний 1,170 нь хүүхдийн, 854 нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой дуудлага байсан. Эрсдэл өсөж байгаа. Ялангуяа H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус нь хүүхдүүдэд хүндэвтэр хэлбэрээр өвчлүүлж, цэртэй ханиах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэлтэй, стресстүүлж байгаа зэрэг мэдээллийг танилцуулсан.
Ханиад томууны дэгдэлттэй холбоотой асуудал зөвхөн энэ жил яригдаж байгаа юм биш, жил бүр л ярьдаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдалд тулгуурлаж Боловсролын сайд 2025 оны хоёрдугаар сард хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн. Олон жилийн дунджаар тухайн жилийн 50 дахь долоо хоног дээр ханиад томууны дэгдэлт оргил үедээ хүрдэг. Энэ нь арванхоёрдугаар сарын 2-3 дахь долоо хоног гэсэн үг. Энэ хичээлийн жилд бид бүтцийг өөрчлөхдөө 50 дахь долоо хоногоос хичээл амрахаар зохицуулсан. Гэтэл энэ жил 46 дахь долоо хоногоос эхлээд нөхцөл байдал хүндэрлээ гээд сурагчдын амралтын хөдөлгөнө гэвэл боловсролын салбарын хичээл сургалтын тасралтгүй үйл ажиллагаанд нөлөөлнө. Шийдвэр гаргахад хүнд бөгөөд цаашид боловсролын чанар ярихад хүндрэлтэй нөхцөл үүсэхээр байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар сайд эцсийн шийдийг гаргана. Энэ тохиолдолд Эрүүл мэндийн сайдын хүсэлт, дурдагдсан үндэслэлийг харгалзах байх.
- Сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулбал хоёрдугаар улирлын хичээл эхлэх хугацаа ч наашилж таарна. Ид хүйтний үеэр хичээл орвол эрсдэл хүндрэл улам нэмэгдэх юм биш үү. Үүнийг хэрхэн тооцоолж байна вэ?
- Тохиолдлын удирдлагын багийн өчигдрийн хурлаар энэ асуудлыг хөндсөн.
Нэгдүгээрт улсын хэмжээнд хавтгайруулж хаах шаардлага бий юу. Орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагууд нь бэлэн байдлаа хангаад дархлаажуулалтаа сайн хийсэн, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө арга хэмжээгээ авсан сайн байгаа аймгуудын хичээл сургалтыг заавал бусадтай нь адилхан хаах шаардлагатай юу буюу ялгаатай байдлаар хязгаарлаж болох эсэх.
Хоёрдугаарт 46, 47 дахь долоо хоног дээр оргил тархалт үүсэж байгаа бол дараагийн оны 2, 3 дахь долоо хоногоос хичээл сургалтыг эхлүүлэх боломж бий юу гэдгийг ярилцсан. Энэ хугацаанд тархалтыг хумьж, эрсдэлийг багасаж чадах уу, өвлийн амралтыг наашлууллаа гээд шинэ улирлын хичээлийг ч мөн наашлуулан эхлүүлэхэд эрсдэл бага байх баталгаа бий юу гэх мэтчилэнгээр ярилцсан.
- Боловсролын сайд эцсийн шийдвэрийг ямар нэг байдлаар гаргана. Гэхдээ тэрхүү шийдвэрийг хувийн хэвшлийн сургуулиуд заавал дагаж мөрдөх үү?
- Олон улсын хөтөлбөртэй сургуулиуд наймдугаар сараас эхлээд олон улсын шалгалтад хэдэн хүүхэд орох вэ, хэд хоног хичээллэсэн байх ёстой вэ зэрэг нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаад олон улсын шалгалтаа бүртгүүлээд эцэслэсэн байдаг. Хэрэв ийм байдлаар хичээл тасалдвал цаанаа ч мөн тасалддаг. Иймд хувийн сургуулиудаас нөхцөл байдлаа тодорхойлоод хичээл сургалтаа үргэлжлүүлэх хүсэлтийг маш их ирүүлдэг. Ялгаатай байдал улам гаарна гэсэн үг. Мөн цахим сургалт руу шилжиж болно, бидэнд туршлага бий. Магадгүй эцсийн шийд нь цахим сургалт болно байх. Гэхдээ ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд яах вэ, алслагдсан бүс нутгийн дэд бүтэц хязгаарлагдмал нөхцөлд амьдардаг хүүхдүүд яах вэ. Энэ мэтээр хоцрогдол үүснэ. Үүнийг тогтоон барихын тулд аль болох танхимын сургалт, төлөвлөсөн хөтөлбөр төлөвлөгөөгөө тасалдуулахгүй байх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!