Уншиж байна ...

Б.Батцоож: Үйлчилгээний ажилтнуудын Цагаан дэвтрийг цахимжуулсан. Шинжилгээний хуурамч хариу бүрдүүлэх боломжгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний Цагаан дэвтрийг цахим хэлбэрт оруулжээ. Ингэснээр шинжилгээнийхээ хариуг И-Монголиа системээр авах, үзлэгийн түүхээ гар утаснаасаа харах, цаасан дэвтрээ гээсэн тохиолдолд дахин авах шаардлагагүй болсон гэнэ.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Б.Батцоож “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудал, боловсрол, эрүүл мэндийн байгууллага гэсэн 12 чиглэлд нийт 20,600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Эдгээр хүмүүсийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр цахим болсноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээллүүд илүү бодит болж, бодлогын хэмжээнд эергээр нөлөөлнө” гэлээ.

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр /иргэдийн нэрлэж заншсанаар “Цагаан дэвтэр”/-ийг цахимжуулснаар:

  • Иргэд тухайн шинжилгээний хариу гарсан даруйд И-Монголиа системээр шинжилгээний хариу, дүгнэлтээ авна. Ингэснээр биечлэн очиж хариу, дүгнэлтээ авах шаардлагагүй болж цаг хугацааны болон санхүүгийн хэмнэлт гарна.
  • Иргэд өөрийн үзлэг, шинжилгээний түүхээ гар утас, компьютероос хялбар харах боломжтой.
  • Цаасан дэвтэр алдагдах, гэмтэх зэрэг эрсдэл байхгүй болно.
  • Хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Харин худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын ажилчид урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэх, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа байдалд улсын байцаагч хяналт тавих юм байна.

Цаашид жолоочийн, ажилд орох ажилтны, гэрлэх хосын болон галт зэвсэг эзэмших иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг цахимжуулахаар төлөвлөжээ.