Уншиж байна ...

Хотын захирагч алагдсаны дараа Мексикийн эрх баригчид Мичоакан мужид тусгай ажиллагаа явуулах болсноо зарлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Мексик улсын ерөнхийлөгч Клаудио Шэйнбаумын засгийн газар тус улсын Мичоакан мужид зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тусгай ажиллагаа явуулах болсныг Ням гарагт зарлажээ.

Хэд хоногийн өмнө тус мужийн нэг хотын дарга олон нийтийн арга хэмжээнд оролцож байхдаа буудуулж алагдсан юм.

“Энх тайван, Хууль ёсыг тогтоох Мичоаканы төлөвлөгөө” хэмээх нэртэй уг ажиллагаанд Мексикийн зэвсэгт хүчин, агаарын хүчин, үндэсний гвардын 10,500 гаруй алба хаагч оролцож, гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, хар тамхины лабораториуд, сургалтын төвүүдийг устгах зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна.

Үүнээс гадна тус мужийн эдийн засгийг тэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

Уг ажиллагаанд нийтдээ 57 тэрбум песогийн ($3.1 тэрбум) хөрөнгө төлөвлөснийг Шэйнбаум мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын нэгний өдөр Мексикийн уламжлалт Үхэгсдийн Баярыг тэмдэглэж байх үедээ Мичоакан хотын Уруапан хотын дарга Карлос Манзо буудуулж алагдсан юм.

Тэрбээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд нь холбооны засгийн газар хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байгааг байнга шүүмжилдэг нэгэн байжээ.

Мексикийн эрх баригчид төлөвлөсөн ажиллагааныхаа хүрээнд Мичоакан мужийн цагдаа болон прокурорын албаны хүчийг бэхжүүлэхээр болсон байна.

Мөн нийгмийн халамжийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, дэд бүтэц, аялал жуулчлал, ажил эрхлэлтийн нөөцийг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.

Өчигдрийн хэвлэлийн хуралд ерөнхийлөгч Шэйнбаумын засгийн газрын аюулаас хамгаалахын сайд Омар Гарсиа Харфуч, эдийн засгийн сайд Марсело Эбрард, хөдөө аж ахуйн сайд Хулио Бердеге нарын өндөр албан тушаалтнууд оролцсон байна.

“Мичоакан мужийн ард иргэдийн төлөө тусгайлсан хүчин чармайлт гаргах болно” гэж мэдэгдсэн Шэйнбаум ажиллагааны үйл явцын талаар 15 хоног тутамд олон нийтэд мэдээлэл хүргэхээ амлажээ.

Бага насны хүүгээ гар дээрээ тэвэрч, олны өмнө үг хэлж байхдаа Манзо буудуулсан нь Мексикийн нийгмийг цочроож, Шэйнбаумын засгийн газрыг онцгой арга хэмжээ авахад хүргэсэн юм.

Нимбэг, авокадо тариалан дээр эдийн засаг нь суурилдаг Мичоакан мужийн ард иргэд олон жилийн турш картелийн дээрэм тонуул, хүний хулгай, аллагын хохирогч болж байв.

Орон нутгийн авокадо тариаланчдын салбарын тэргүүн Бернардо Браво аравдугаар сард алагдсан юм.

Манзогийн бэлэвсэн гэргий Гресиа Кироз өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Уруапан хотын даргын тангараг өргөж, нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдтэй тэмцэхээ амлажээ.

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр эрх баригчид 17 настай Виктор Мануэл Убалдо гэгчийг Манзогийн амийг хөнөөсөн хүнээр зарласан байна.

Аюулаас хамгаалах албаны ажилтнууд Убалдог хэргийн газарт буудан хөнөөсөн юм. Мичоакан мужийн прокурорын алба уг аллагад хамаатай бусад хүмүүсийг илрүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters