Уншиж байна ...

Сөүл хотын ресторан Nvidia компанийн гүйцэтгэх захирлын суусан ширээнд “нэг цагийн дүрэм” тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн орой дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан болон Өмнөд Солонгосын Самсунг, Хьюндэй компаниудын ерөнхийлөгч нар Сөүл хотын Кканбу Чикэн шарсан тахианы ресторанаар үйлчлүүлсэн нь ховор сонин үзэгдэл байсан билээ.

Эдгээр эрхмүүд уг ресторанд шарсан тахиа зооглож, шар айраг хүртэхдээ 70 минутыг зарцуулсан бөгөөд энэ үеэр гадаа нь маш олон хүн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цугларсан байв.

Хиймэл оюуны хөгжлийн ачаар дэлхийн технологийн салбарын од болоод буй бизнесмэн сүүлд гарахдаа “Nvidia-ийн Жэнсэн Хуан энд байсан” гэсэн зурвасыг Кканбу Чикэн ресторанд бичиж үлдээсэн юм.

Тэр өдрөөс хойш уг ресторанд ирж, алдартай захирлын ширээнд сууж үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.

Бүр ресторан нээгдэхээс өмнө урт дараалал үүсдэг болсон байна.

Үүнтэй холбогдуулан рестораны удирдлага Жэнсэн Хуаны ширээнд суусан хүмүүсийн үйлчлүүлэх хугацааг нэг цагаар хязгаарлах дүрэм хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ захиалга урьдчилж авахгүй, ирсэн дарааллаар нь үйлчлэх юм байна.

Хуан өнгөрсөн долоо хоногт APEC-ийн дээд хэмжээний чуулганд оролцохоор 15 жилийн дараа Өмнөд Солонгост ирсэн юм.

Энэ айлчлалынхаа үеэр тэр дэлхий даяар маш өндөр эрэлттэй байгаа орчин үеийн хагас дамжуулагч чипээ 260,000 ширхгийг Өмнөд Солонгос улсад нийлүүлэх болсныг зарлаж байв.

 

Эх сурвалж: Korea Times