УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үүрэгт албан тушаалаас нь огцруулах, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэх гэж байна.
Хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд "Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг дэвшүүлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Х.Булгантуяа юм уу, С.Одонтуяадаа байгаа юм биш ээ. Хууль дээдлэх, хууль сахиулах асуудлыг энд шийдэх ярих хэрэгтэй. Бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай гэж заасан. Үндсэн хууль бол ард түмэнтэй байгуулсан гэрээ. Үндсэн хууль дээр хэн ч гишгэж болохгүй. Юу ч болоогүй юм шиг найм хоночихлоо.
Б.Пүрэвдорж та хуралдаан даргалж байгаа юм ажлаа хийх хэрэгтэй. УИХ-ын дарга гэдэг ямар нэгэн онцгой эрх эдлээд байгаа юм байхгүй. 126 гишүүний нэг нь хурал удирдаад явж байгаа. Хуулиа сахиулаад хэлэлцдэг зүйлээ хэлэлцээд явахгүй бол Монгол Улсад хуулийг хэн биелүүлэх вэ. Тэр тусмаа Үндсэн хуулийг.
Хэн нэгэнтээ тал, тохой татаад л. Бид ард түмэндээ очиж юу гэж хэлэх вэ. МАН-ын тарах болж дээ. Хуулиа сахья. Үндсэн хуулийн дээр гишгэдэг хэн бэ. Төрийн байгуулалтын байнгын хороо гэж залилангийн хөндий болчихсон байсныг Үндсэн хуулиар тогтоосон, өөр юу хэрэгтэй вэ. Энд бие биедээ сайн хүн болоод байх юм уу. Ард түмний өмнө авсан амлалт хаана байна вэ.
Хууль сахиулъя гэсэн хүн цагаан хэрээ шиг, бусад хар хэрээ. Хэн өргөсөн тангарагтаа үнэнч байгаагаа ярихаар гадуурхагддаг. Ийм байж болох уу. Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг хэлж байсан. Шөнөжин алх бариад нүдээд байсан. Хурлаа ч нээгээгүй байж индэр дээрээс янз бүрийн зүйл ярьсан. Энэ эрхийг хэн олгосон юм.
Үндсэн хуулийг зөрчсөн гэж гаргасан. Үндсэн хууль өөрөө зөрчигддөг үү, зөрчсөн эзэн нь байгаа. Юунд нь долигоноод байдаг юм бэ. Хууль, шударга ёс, парламент, ардчилал чинь хаана байгаа юм. Та нар хулгай луйвраа тохирдог байж болно. Ард түмэн та нартай тохирохгүй.
Сандал ширээ, албан тушаал хувааж авчхаад, хулгайгаа наймаалцчихаар болчихдог юм уу" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!