Засгийн газраас есдүгээр сарын 1-нд 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ жилээс төсвийн төсөл УИХ-аар таван үе шаттай хэлэлцдэг болсон. Тэгвэл одоогоор гуравдугаар үе шат нь эхлэхээр холбогдох байнгын хороод бэлтгэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Нээлттэй нийгэм форумын зүгээс "Монгол Улсын 2026 оны төсвийн төлөвлөлт" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яамнаас төлөөллүүд оролцож, 2026 оны төсвийн төлөвлөлтөд ямар асуудал байгаа, юунд анхаарах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Б.Энхбаяр ирэх оны төсөвт ерөнхий дүр зургийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-аас томилогддог бөгөөд Төсвийн макро үзүүлэлтүүдэд дүгнэлт өгөх үүрэгтэй бүтэц билээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр "Намар төсөв хэлэлцээд эхлэхээр одоо л бүх асуудлаа шийдэх гэж байгаа юм шиг харах нь буруу. Төсвийн тухай хуулиар энэ хавар маш олон асуудлыг шийдсэн. УИХ аль салбарт хэдэн төгрөг зарцуулах төсвийн хязгаарыг батлаад Засгийн газарт үүрэг өгчихсөн. Энэ хязгаар дотор төсөв хуваарилах тухай асуудал яригдаж байна.
Түүхий эдийн үнийн өсөлтөөс хамааралтайгаар манай улсын төсөв маш их савлагаатай байдаг. Өнгөрсөн 2023, 2024 онд нүүрсний үнэ ханш маш сайн байсан. Хятад улсын нүүрсний хэрэглээ өндөр байсантай холбогдуулан манай улсын нүүрсний экспортын орлого хоёр жил дараалан найман тэрбум ам.долларыг давсан.
Нүүрсний оргил үе тогтвортой байдаггүй. 2026 онд 90 сая тонн нүүрс худалдах зорилго тавьж байгаа хэдий ч ирэх онд хуралдах Хятадын хоёр их хурлаас хамаараад тоо буурах магадлалтай. Үнэ ямар байх талаар одоохондоо мэдэхгүй. Тиймээс савлагаанаас сэргийлсэн бодлого хэрэгтэй. Нэг удаад олсон орлогоо бүгдийг нь үрж болохгүй, үүнийг 10 жилийн өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан.
Монгол Улсад нүүрсний биет хэмжээ дээр тогтворжуулалт шаардлагатай байна. Давсан орлогыг гэнэт зардаггүй байх хэрэгтэй. Төсвийн зарлагын хуваарилалт маань салбар бүрд тавьж буй хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хамгийн оновчтой арга замыг санхүүжүүлэх ёстой.
Зарим салбарын яам оновчгүй арга замаар хэрэгжүүлэх гэж байна. Жишээлбэл орон тоо нэмэх, шинэ байшин барих гэх мэт. Аливаа ажлыг хийхэд хөрөнгө мөнгө, хүнээс гадна зөв менежмент гэж бий. УИХ Засгийн газраас үүнийг шаардах хэрэгтэй. Парламент үр дүнд чиглэсэн зөв санхүүжүүлэлтийг Засгийн газраас шаардах ёстой.
Салбарын яам анхан шатнаас ирсэн хөрөнгө оруулалтын саналыг нэгтгээд ач холбогдлоор үнэлээд эрэмбэлэх ёстой. Жишээлбэл 40 сургууль байгуулах санал ирлээ гэхэд үр ашиг оновчтой байдлыг үнэлээд, ирэх онд 30 сургууль шаардлага хангаж байна гээд эрэмбэлэх ёстой.
Харамсалтай нь бүх салбарын яам эрэмбэлэх ажлаа хийхгүйгээр Сангийн яам дээр маш олон санал ирээд он дамжсан үр ашиггүй хөрөнгө оруулалт гэх зүйл бий болж байна.
УИХ-аас Засгийн газарт шаардлага тавих, Засгийн газар салбарын яамд шаардлага тавих хэрэгтэй. Төсвийн тухай хуульд заасан анхан шатнаас ирж буй саналыг салбарын яам үр ашиг, ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой. Сангийн яам маш цэгцтэй санал авч байж зөв эрэмбэ гаргах ёстой. Анхан шатнаас нь эрэмбэлээгүй, цуглуулчихсан олон санал ирж байгаа учраас Сангийн яам эрэмбэлэх гэж оролдоод байдаг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!