“Инновацад суурилсан эдийн засгийн өсөлт”-ийг тайлбарласан эрдэмтэд эдийн засгийн Нобелийн шагналыг хүртэхээр боллоо
2025 оны эдийн засгийн Нобелийн шагналыг “инновацад тулгуурласан эдийн засгийн өсөлт”-ийг, түүний гол зарчим болох “бүтээлч сүйтгэл”-ын онолыг тайлбарласан гурван судлаач хүртэхээр болжээ.
Тэдний нэг Жоэл Мокир бол урт хугацааны чиг хандлагыг судалдаг эдийн засгийн түүхч бол Филипп Агион, Питер Ховитт нар нь “бүтээлч сүйтгэл” хэрхэн явагддагийг математик загварчлалд тулгуурлан тайлбарласан хүмүүс юм.
“Бүтээлч сүйтгэл” (Creative Destruction) гэдэг нь инновацад тулгуурласан шинэ бизнесийн салбарууд хуучин технологи, салбаруудыг устгаж, орон зайг нь эзлэх үзэгдлийг илэрхийлсэн нэр томьёо.
Нидерландын уугуул 79 настай Мокир нь АНУ-ын Нортуэстерн Их сургуулийн судлаач, Францын иргэн 69 настай Агион нь College de France, London School of Economics сургуулиудын судлаач, Канадын иргэн 79 настай Ховитт нь АНУ-ын Брауны Их сургуулийн судлаач юм.
Шагнал хүртэх болсноо сонссон Агион сэтгүүлчдэд “Би мэдэрч байгаа зүйлээ үгээр илэрхийлж чадахгүй нь” гэж хэлээд шагналын мөнгөөр судалгааны лабораторид хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Одоо дэлхий дахинд өрнөж буй худалдааны дайн, протекционист хандлагын талаар асуултад тэр “АНУ-ын протекционист арга барил надад таалагдахгүй байгаа. Энэ бол дэлхийн өсөлт, инновацад сайн зүйл биш” гэж хариулсан байна.
Агион бас АНУ, Хятад улсууд дэлхийн технологийн тэргүүлэгч гүрнүүд болохыг Европ зөвшөөрөх ёсгүйг анхааруулжээ.
“Европын орнууд АНУ, Хятад хоёрыг технологийн тэргүүлэгч гүрнүүд болохыг зөвшөөрч, тэдэнд ялагдах ёсгүй гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.
Нобелийн шагналын хороо Мокирыг “инновацууд нэг нэгнээ залгамжлан хөгждөг зарчмыг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах ёстойг батлан харуулсан хүн” гэж дүгнэжээ.
Агион, Ховитт нарыг тогтвортой өсөлтийн механизмыг судалж, 1992 онд нийтлүүлсэн ажлын тайландаа “бүтээлч сүйтгэл”-ийн математик загварыг танилцуулсан хүмүүс гэж үнэлсэн байна.
Нобелийн шагналыг дагалдах 11 сая швед кроны ($1.2 сая) талыг Мокир, үлдсэн талыг Агион, Ховитт нар хувааж хүртэхээр болжээ.
Тэд бас 18 каратын алтан медалийг дипломын хамт хүртэх юм.
Эдийн засгийн салбарын шагналыг 1968 онд Шведийн төв банк нэмэлтээр бий болгож байв.
19 дүгээр зуунд амьдарч байсан тэсрэх бодисыг зохион бүтээгч Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ таван салбарын шагналыг захиж үлдээсэн байдаг нь хими, физик, анагаах ухаан, утга зохиол, энх тайван юм.
Энэ оны Нобелийн шагналтнуудыг тодруулах үйл ажиллагаа Даваа гарагийн орой эдийн засгийн салбарын шагналтнуудыг зарласнаар өндөрлөж байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Альфред Нобелийн нас барсны ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
