Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мэндбаяр: Монгол Улс 3.1 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр Монгол Улсын газрын ховор элементийн нөөц ба баримталж буй бодлогын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр дараах мэдээллийг танилцууллаа. 



Монгол Улсын зэсийн болон газрын ховор элементийн тархалтыг доорх зурагт харуулжээ. 

зураг
 

Нийт дүнгээр харвал манай улс нэг тэрбум гаруй хүдрийн нөөцтэй, 3.1 сая тонн ислийн нөөцтэйг хэллээ. 

зураг
 

Энэ талаар "Газрын ховор элементийн судалгаа 1990-ээд оноос өмнө эхэлсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ОХУ-ын дэмжлэгтэйгээр өргөн хүрээний судалгааг хийж байсан. 

1990-ээд онд хийгдсэн судалгаанд тулгуурлан шинэ ашигт малтмалын эрх зүйт харилцаанд орсноос хойш хувийн хэвшлүүд маань тодорхой хэмжээний хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлсэн" гэдгийг Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга н.Мэндбаяр хэлж, орд газруудын нөөцийн мэдээллийг хүргэсэн юм. 

Орд газрууд ба нөөц: 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

"Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдийн хувьд газрын ховор элемент нь өөрөө маш хүнд баяжигдаж, боловсруулагдах технологитой.

Олон шатлал, шат дамжлагат боловсруулалт шаардагддаг, нэлээд өртөг зардалтай. Тийм учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид маань ашиглалтад шилжиж амжилгүй тухайн хүдэртээ таарсан, тухайн ялгаж авах гэж байгаа элементдээ тохирсон технологийн хувилбар сонголтуудаа хийгээд туршилт явуулдаг" гэдгийг хэллээ. 

Үргэлжлүүлэн критикал минералын үйлдвэрлэл ба нөөцийн талаар дараах мэдээллийг танилцуулсан юм.



Газрын ховор элементийн үйлдвэрлэл ба нөөц: 

зураг
 

Монгол Улс критикал минерал (газрын ховор элемент)-ийн 3.1 сая тонн нөөцтэй байна.

Ерөнхий нэр томьёонд агуулагдаж байгаа газрын ховор элемент гэдэг ойлголт нь бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татсан томоохон асуудал үүсгэсэн сэдэв. 

Бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн болон Америк, Хятадын эдийн засгийн стратегийн өрсөлдөөн гэх мэтчилэн олон хүчин зүйлс тодорхой хэмжээгээр критикал минерал буюу газрын ховор элементийн нөөц, түүний ашиглалт баялгийн өрсөлдөөнийг цаанаа давхар дагуулсаар.

Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын хэрэглэж байгаа гар утас, асаалттай байгаа дэлгэц бүгд газрын ховор элементийн түүхий эдийн хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Энэ технологи хөгжих тусам эрэлт хэрэгцээ өсөж нэмэгдээд байдаг. Гэтэл дэлхий дээр байгаа нөөц маань түүнийхээ эрэлтийг гүйцэхгүй түвшинд хүрсэн. 

Хамгийн сүүлийн бодит тооцооллоос харахад 2035 он гэхэд өнөөдрийн байгаа хэрэгцээ 400 хувь хүртэл өсөх олон улсын эдийн засагчдын таамаглал бий. 

Боловсруулалт, олборлолт аль алинд нь Хятад улс ноёлж байна. Газрын ховор элементийнхийг харвал БНХАУ дангаараа давамгайлж байгаа. 

Критикал минералын өрсөлдөөн, энэ төрлийн нөөцийг нэмэгдүүлэх ашиг сонирхол улс орнуудын эдийн засгийн хувьд далд хэлбэрийн "хүйтэн дайн"-ы гэж хэлж болохоор түвшинд анхаарал татаж буй.

Монгол Улсын хувьд бусад улс оронтой уралдан хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

Мөн ашиглаж байгаа ордуудын баяжмалын хаягдлыг шинжилж үзээд тэдгээрийг дахин боловсруулах технологийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Яагаад гэвэл нэгж ашигт малтмалын өөрийн үнэ асар өндөр байгаа. Иймд аль болохоор ширхгийг ч хаяхгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. 

Геологийн тогтцын хувьд хил орчмынхоо бүсийн судалгааг эрчимжүүлэх шаардлага байна.

Дээр дурдсан зургаан ордын тухайд технологийн шийдэл, хөрөнгө оруулалт эцэслэн шийдэгдээгүй байгаа учир дэмжлэг үзүүлэх төрийн бодлого шаардлагатай.

Нөгөө талаас олон улсын туршлагыг судлах, Монголд технологийг нь нутагшуулах боломжийг эрэлхийлэх нь чухал. 

Эхний ээлжид салбарын хэмжээнд Солонгос улстай хамтран ховор металлын судалгааны төвийг байгуулах ажлыг 2023 онд эхлүүлсэн.

Өнөөдөр Улаанбаатар хотод

  1. дэд бүтцийг шийдвэрлэх,
  2. нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх,
  3. боловсон хүчнийг бэлтгэх гэсэн гурван зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тоног төхөөрөмж, байрны асуудлыг шийдэж, өнөөдөр хамгийн сүүлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж дууссан. Арваннэгдүгээр сард ашиглалтад ороход бэлэн болсон байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа.