Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Стратегийн ордуудад төр хувь, хувьцаатай болсноор Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ гэдэг нь хангалттай үндэслэл биш"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциац(МУУҮА)-аас стратегийн ордуудад төр хувь эзэмших асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тус ассоциацаас "Төрийн өмчийн компанийн менежментийн үр бүтээмжгүй байдлаас харвал стратегийн ордуудад ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгжид төр хувь, хувьцаатай болсноор Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ гэдэг нь хангалттай үндэслэл биш юм" гэдгийг мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ хуулийг буцаан хэрэгжүүлэх асуудалд нухацтай хандах ёстойг хэлж байлаа. 

МУУҮА-ын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Стратегийн ордын ойлголтыг анх 2006 онд Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлж, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан нь 2015 онд нэгээр нэмэгдэж 16 болсон.

Тус тогтоол батлагдсанаас хойш 12 жилийн дараа Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж заажээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан. Гэвч уг заалтын хэрэгжилтийг хэрхэн хангах, аль хувилбар нь илүү бодитой, оновчтой байх талаар нэгдсэн ойлголт бий болж чадаагүй, хууль эрхзүйн орчин тодорхой бус хэвээр байгаа тул МУУҮА салбарынхаа нийтлэг эрх ашгийн үүднээс үйл ажиллагааг анхааралтай ажиглаж ирлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ордуудын тухайд төрийн эзэмшлийн асуудлыг хүчээр тулган шийдэх бус харин тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай харилцан зөвшилцөлд хүрэх замаар шийдвэрлэх хэлэлцээ нь зөвхөн төрийн эрх ашигт нийцэхээс гадна хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой. Хэлэлцээрийн ширээний ард сууж, хоёр талдаа тэгш эрхтэйгээр байр сууриа илэрхийлж, тодорхой зарчим, урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдэлд хүрэх нь стратегийн ордуудын ашиглалтад тогтвортой байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой. Энэ нь нэг талаас улсын төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг баталгаажуулах, нөгөө талаас компаниудын бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай. 

Иймд компанийн эрх ашгийг харгалзан үзэхийн хэрэгцээ салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн үр өгөөжийг бодитой нэмэгдүүлэх, цаашлаад улсын төсвийн тогтвортой байдлыг хангах нь стратегийн ордуудыг зохистой ашиглах бодлогын үндсэн зорилт байх ёстой гэж үзэж байна.

Өнөөгийн байдлаар төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэх ерөнхий мэдээлэл л бидэнд бий. Төрийн байгууллагуудын зүгээс ч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хэдэн хуулийн этгээд бүртгэлтэй байгаа тухай нэгдсэн тоог гаргаж чадаагүй, зөрүүтэй мэдээлэлтэй байдаг. Тухайлбал Сангийн Яамнаас нийт 339, Үндэсний Аудитын Газраас 537, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас 642 аж ахуйн нэгж байгаа гэсэн нь үүнийг баталж байна. 
Төрийн өмчийн компанийн менежментийн үр бүтээмжгүй байдлаас харвал стратегийн ордуудад ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгжид төр хувь, хувьцаатай болсноор Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ гэдэг нь хангалттай үндэслэл биш юм. 

Мөн хууль дээдлэх зарчмын хүрээнд хуулийг буцаан хэрэглэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай.

Стратегийн ач холбогдолтой ордуудын тухайд төрийн эзэмшлийн асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэсэн ордуудад Ашигт малтмалын тухай хуулийн 2024 оны өөрчлөлтийн дагуу дахин төрийн эзэмшил тогтоох асуудал хөндөж байгаа нь оновчтой хувилбар биш юм. Хууль өөрчлөгдөх бүрд төр дахин дахин эзэмшил тогтоодог байх боломжгүй" гэлээ.

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн том төслүүдийн ард хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтууд байсныг дурдаад олон боломжоо алдаж, "Төр ТЭЗҮ дээр түүх болон үлдэж, 3D макет дээр гацсан төслүүдтэйгээ өнөөдрийг хүрлээ. Нэг ч бодитой төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй мөртлөө хөрөнгө оруулалтаа үргээн хөгжих боломжоо бид алдсан" гэв.