УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Хууль тогтоогчид дээрх бодлогын баримт бичгийг боловсруулахдаа дараах үндэслэлийг баримталсан хэмээн тайлбарлав.
Дэлхийн эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал өндөр байгаа энэ цаг үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний 6 сард дунджаар 70 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 40 хувиар, нийт экспорт 2025 оны эхний 6 сард 6.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 20 хувь буюу 1.3 тэрбум ам.доллароор, төсвийн нийт орлого 14.0 их наяд төгрөг болж, 6 хувь буюу 0.9 их наяд төгрөгөөр тус тус буураад байна. Цаашдын дэлхий дахины эдийн засаг дахь тодорхой бус байдал үргэлжлэх эрсдэл өндөр байгаагийн улмаас манай улсын эдийн засгийн нийт эрэлт саарах хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг нэгэн зэрэг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлахад энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй” байхаар нэмэлтээр тусган баталсан.
Дээр дурдсан нөхцөл байдал болон хууль, эрх зүйн орчинтой уялдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүд болон үзүүлэлтийн хэмжээг өөрчлөх шаардлагатай байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь, мөн инфляцыг төв банкны зорилтот интервал дотор байхаар тооцож, тусгалаа. Төсвийн бодлогын хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоог үе шаттай бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбаруудын бүтээмжийг дэмжих чиглэл баримтална.
Эдгээр бодлогуудын хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026 онд ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх дүнгээр алдагдалтай баталж хэрэгжүүлэх, цаашид 2027, 2028 онд төсвийн бодлогын орон зайг тогтвортой хадгалах болон нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын дүнг үе шаттай бууруулахаар хуулийн төсөлд тусгав.
Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нэрлэсэн ДНБ-ий харьцаа 2023 онд 33 хувь, 2024 онд 37 хувь болж нэмэгдээд байсныг 2026 онд 30.9 хувь, 2027 онд 29.3 хувь, 2028 онд 28.2 хувь болгох үе шаттай бууруулахаар хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээр хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийгдэх орон зайг болгож, хувийн хэвшлийн бизнесийн тэлэх боломжийг бүрдүүлэх, улмаар эдийн засаг дахь төрийн оролцоог үе шаттай бууруулна.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!