Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: "Эрдэнэт үйлдвэр" 20-оос дээш хувийн АМНАТ төлдөг. Үүнийг бууруулчихвал зэсийн салбарт маш хэрэгтэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй Орхон аймагт өчигдөр уулзалт зохион байгууллаа. 

Тус уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөлөл бүхий 230 хүн оролцож, үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм. 

"Эрдэнэт үйлдвэр" нь 7,000 хүнийг ажлын байраар хангаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувийг бүрдүүлж байна. Мөн нийт экспортын 8 хувь, улсын төсвийн 7.2 хувийг дангаараа бүрдүүлдэг томоохон үйлдвэр билээ.

2025 оны есдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар зэсийн баяжмалын борлуулалтаас 2.8 их наяд төгрөг олж, 1.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төлсөн байна. Үүнийг задалбал Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ)-т 607.7 сая төгрөг, ААНОАТ-т 247.1 сая төгрөг, ногдол ашигт 150 тэрбум төгрөг төлсөн.

Үлдэгдэл 320.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын санхүүжилтэд, 406.7 тэрбум төгрөгийг бараа, материалын худалдан авалтад зарцуулсан хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд танилцуулав. Мөн тус хугацаанд 722 сая ам.долларыг Монголбанк төвлөрүүлсэн аж. 

зураг
 

Өчигдрийн уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал манай улсад томоохон сорилт болж байна. Тарифын дайн, геополитикийн хүндрэлээс шалтгаалж манай төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарсан. 

Энэхүү саад бэрхшээлийг даван туулахын тулд "Эрдэнэт үйлдвэр" манай улсын эдийн засгийн түшиг тулгуур болно. Цаашдаа уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүчинд шилжиж байгаа энэ үед зэсийн үнэ чухал болно. 

Төрийн өмчит үйлдвэрийн 34 газрыг нэгтгэсэн "Эрдэнэс Монгол"-ын ашгийн хэмжээг 4 их наядад хүргэхээр төлөвлөж байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн үр ашиггүй зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гаргасан. Улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахад уурхайчин бүхний хичээл зүтгэл чухал хувь нэмэр оруулна" гэв.

"Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлээ 8 сая тонноор өргөтгөж, 40 сая тонн хүдэр буюу Оюутолгойтой ижил түвшинд боловсрууллаа"

зураг
 

Үргэлжлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийнхээ өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. 

Тэрбээр "2024 онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонныг боловсруулсан нь манай үйлдвэрийн түүхэнд хамгийн том амжилт болсон. Тус онд Монгол Улсын валютын нөөцөд 1.1 тэрбум ам.долларыг Монголбанканд төвлөрүүлсэн. 

2024 онд одоо ашиглаж буй ордын хэмжээг 11.3 сая тонн зэс, 538 мянган тонн молибден агуулсан 3.4 тэрбум тонн хүдрийн геологийн нөөцтэйгөөр тодорхойлж, олон улсын Жорк стандартаар баталгаажуулаад байна. Энэ нөөцөөр "Эрдэнэт үйлдвэр" 55 жил эдийн засгийн үр ашигтай ажиллана.

"Эрдэнэт үйлдвэр" 1990 оноос хойш нарийвчилсан хайгуулын ажил зохион байгуулж байгаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн ордыг 55 жилийн хугацаанд ашиглах нөөцтэй байгаа юм.

Уурхайн үйл ажиллагааг сайжруулах, шинэ ордын нарийвчилсан хайгуулын зохиох хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулгатай 357 сая.тн хүдрийн нөөц тогтоогдоод байна. Мөн тус ордын цэвэр зэсийн нөөц 1.1 сая гаруй тонн гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

Хүчин чадал нэмэгдэхэд зардал дагаад өсөж байна. Тухайлбал 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн нийт зардал 1.3 их наяд төгрөг байсан бол 2025 онд урьдчилсан байдлаар 3.4 их наяд төгрөг байхаар тооцоолж байгаа. Зардал өсөж байгаа нь техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалттай холбоотой.

Хүдэр олборлолт 2016 онд 35.1 сая тонн байсан бол 2025 онд 46.5 сая тонн болж, 349 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Хүдэр боловсруулалт 2016 онд 31.2 сая тонн байсан бол 2025 онд 40 сая тонн болж, 749 тэрбум төгрөгөөр өслөө.

Харин хүдэр дэх зэсийн агуулга 2016 онд 0.510 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 0.364 сая тоннд хүрч 29 хувиар буурсан. Энэ нь орлогын бууралтад 150 тэрбум төгрөгөөр нөлөөлж байна.

зураг
 

Эрчим хүчний үнэ тарифаас шалтгаалж цахилгааны зардал сүүлийн гурван жилийн хугацаанд 200 тэрбум төгрөгөөр өссөн. 2022 онд үйлдвэрлэлийн цахилгаанд 246.9 тэрбум төгрөгийн зардал гаргадаг байсан. Бид 48 мегаваттын цахилгаан станцын хүчин чадлыг өсгөөд алдагдал хүлээсэн. 

2020-2021 онд зэсийн үнэ өссөнтэй холбогдуулан АМНАТ огцом нэмэгдэж байгаа. Манай үйлдвэр нарийн яривал 20-оос дээш хувийн АМНАТ төлдөг. Сүүлийн үед Татварын ерөнхий газар олон улсад хортой гэгддэг дагалдах элементээс АМНАТ авч эхэлсэн. Үүнээс болоод шүүхэд хандсан асуудал бий.

"Эрдэнэт үйлдвэр" АМНАТ-ийг ингэж өндөр төлж байгаа нь хөрөнгө оруулалт хийх, цаашлаад "Зэс хайлуулах үйлдвэр" барихад хүндрэлтэй. Бид 20-оос дээш хувь төлж буй АМНАТ-өө бууруулчихвал зэсийн салбарт маш хэрэгтэй.

Уул уурхайн үйлдвэрийн өртөг зардлыг бууруулахын тулд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, гарцаа нэмэгдүүлэх судалгааны ажлыг хийж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлээ 8 сая тонноор өргөтгөж, 40 сая тонн хүдэр буюу Оюутолгойтой ижил түвшинд боловсрууллаа.

Оюутолгой залуу уурхай тул ажиллах тусам хүдэр дэх зэсийн агууламж нэмэгдэнэ. Харин Эрдэнэтийн хувьд 47 жил ажилласан учраас үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх тусам хүдрийн агууламжийн хэмжээ буурч буйгаараа ялгаатай. Тиймээс хүдрийг баяжуулалтад бэлтгэх шугам буюу өөрөө нунтаглах хэсгийг 20 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар өргөтгөсөн" хэмээн танилцуулав.

фото: