ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цохилтоо үргэлжлүүлэхийг АНУ-ын эрх баригчид анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр Мексик улсын нийслэлд болсон хэвлэлийн хурлын үеэр тус улс Латин Америкийн хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг зэр зэвсгийн хүчийг үргэлжлүүлэн хэрэглэхээ амлажээ.

Тухайлбал тэр Мексик зэрэг бүс нутгийн улсуудтай энэ чиглэлд хамтран ажиллахын зэрэгцээ АНУ дангаараа эрс шийдэмгий арга хэмжээ авахаас буцахгүйг илэрхийлсэн байна.

Өмнөх өдөр нь Карибын тэнгисийн өмнөд хэсэгт АНУ-ын байлдааны хөлгүүд Венесуэлээс хар тамхи тээвэрлэж явсан хөлгийг устгасан тухай ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.

Трамп, Рубио нар “хөлөг” гэж нэрлэж байгаа энэ завин дээр зорчиж явсан 11 хүн алагдсан тухай мэдээ ирж байгаа.

Энэхүү агаарын цохилтыг Рубио хар тамхины эсрэг явуулж буй дайныхаа стратегийг АНУ өөрчилж буйн илрэл гэж тайлбарлажээ.

“АНУ-ын тагнуулын албад олон олон жилийн турш хар тамхи тээвэрлэсэн хөлгүүдийг илрүүлэх, зогсоох ажиллагааг явуулж байсан. Гэсэн ч энэ нь үр дүн муутай байлаа. Тэднийг устгах, дэлбэлэх аргаар л зогсоож болно” гэж Рубио өчигдөр ярьсан юм.

Дараа нь тэр ажиллагааны зөвшөөрлийг ерөнхийлөгч Трамп өөрийн биеэр өгснийг баталжээ.

“Ерөнхийлөгчийн тушаалаар бид хөлгийг зогсоохын оронд шууд устгасан. Ийм зүйл дахиад болно. Магадгүй яг одоо ч болж байгаа байх. Би мэдэхгүй байна” гэж Рубио хэлсэн юм.

Мягмар гарагт явуулсан ажиллагаа нь олон улсын усан замаар зорчиж байсан хөлөгт халдсан тул олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл байж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байгаа.

Гэсэн хэдий ч Рубио үүнийг АНУ-ын сайн сайхны төлөө зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байсан гэж тайлбарлажээ.

“Хэрвээ кокайн, эсвэл фентанилаар дүүрэн завь АНУ руу чиглэн хөвж байвал бид үүнийг шууд аюул занал гэж үзнэ” гэж тэр хэлсэн байна.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн цагаас хойш Латин Америкийн хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч эхэлсэн.

Тэрбээр тангараг өргөснийхөө дараахан ийм арван том бүлэглэлийг “террорист байгууллага” ангилалд оруулах шийдвэр гаргасан юм.

Сүүлд тэр картелуудын эсрэг АНУ-ын зэвсэгт хүчнийг ашиглах нууц захирамж гаргасан тухай мэдээ тарж байв.

Энэ мэдээ нутаг дэвсгэрт нь АНУ цэргээ зөвшөөрөлгүй оруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг Мексикийн улс төрийн хүрээнд үүсгэсэн юм.

Рубиогийн айлчлал энэ айдсыг үргээх зорилготой байв.

Айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд харилцан нэгнийхээ “тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх” талаар онцгойлон дурдсанаас үүнийг харж болно.

Гэхдээ бүс нутгийн бүх улс АНУ-ын энэхүү эрс хатуу үйлдлийг буруутгахгүй байна.

Тухайлбал Мягмар гарагт Карибын тэнгисийн Тринидад ба Тобаго улсын ерөнхий сайд Камла Персад Биссесар “АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэнд би болон ихэнх улсын орнууд баяртай байна. Картелуудын манай үндэстэнд учруулсан зовлон асар их. Би тэднийг өрөвдөхгүй байна. АНУ-ын зэвсэгт хүчин тэднийг бүгдийг нь устгах ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters