ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын бүх ард түмний спортын наадам Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-наас 21-нийг дуустал Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт болно.

Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3,252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Баянхонгорт спортын 17, нийслэлд спортын 11 төрөлд өрсөлдөхөөр төлөвлөжээ.

Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд спортын томоохон арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай. Тухайлбал 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн”, 2022 онд бадминтоны өсвөр үеийнхний улсын аварга, 2023 онд Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, 2023 онд Монголын волейболын холбооны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.

Анхны наадмыг 1961 онд ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж зохион байгуулахад өвөл, зуны спортын нийт 17 төрөлд бүх шатны тэмцээнд 130,000 гаруй тамирчин оролцсоноос спортын зэргийг шинээр 1,134 тамирчин, үүний дотор спортын мастерын болзлыг 21 тамирчин биелүүлж, улсын дээд амжилтыг 29 удаа шинэчлэн тогтоож байв.

Монголын бүх ард түмний спартакиад наадам 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж байсан бол үүнээс хойш Монголын бүх ард түмний спортын наадам хэмээн нэрийг нь өөрчилж, 2004, 2008, 2012, 2016, 2022 онд зохион байгуулсан билээ.